02.12

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хөрөнгө завшсан 16 компанид хариуцлага тооцуулна

ШӨХТГ-аас 2013 онд Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулж, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

Улмаар дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг  нийт 44,900,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон юм.

Тухайлбал, “Таванбогд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК зэрэг гурван аж ахуй нэгж гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоосон байна. Эдгээр компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу цемент, арматур нийлүүлэх ёстой байсан ч огт нийлүүлэлт хийгээгүй байгаа аж. Мөн “Монос констракшн” ХХК, “Мост интернешнл”, “Очир ням” ХХК, ХХК, “Орд гео” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Төмөр транс” ХХК зэрэг долоон аж ахуй нэгжүүд хөнгөлттэй зээлийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг тогтоосон аж.  Үүний зэрэгцээ “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК-иуд нь гэрээний биелэлт, тайлангаа огт гаргаж өгөөгүй байна.

Ган туйван, цементийн үнэ тогтворжуулах гэрээний 6.2-т заасны дагуу дээрх гэрээний үүргээ зөрчсөн 16 компанийн хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавихаар боллоо гэж ШӨХТГ-аас мэдээлсэн. Түүнчлэн гэрээний үүргээ зөрчсөн гэх дээрх нэр бүхий 16 компанид хариуцлага тооцох тухай хүсэлтийг ШӨХТГ-аас холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

П.ТУУЛ