Яагаа ч үгүй байхад л цаг хугацаа биднийг элээж
Яажшуухан амьдарч явааг чинь ч мэдэхийн завдал өгдөггүй
Яаран одсон өчигдөртөө очиж ерөөсөө болдоггүй шиг
Яг одоо үгээ хэлмээр ч чи минь дэргэд алга аа!
Яалаа гэж чи намайг орхиж хүний хүнд очив оо?
Ямар үйлтэй болохоороо би орь ганцаараа хоцров оо?
Ярих юм даанч их ч уулзахын заяа нь үгүй
Явдлаа сааруулж бодлоо ээдүүлэвч хажууд чи минь л алга аа!
Ягаахан уруул, нулимстай нүд, зангирсан хоолойг минь чи мартаж
Ялдам ааш, гунигтай инээд, эгэл дүрийг чинь би баллуурдаж
Янаглаж явсан бидний хайр түүх болон үлдсэн ч
Янаг дурлал минь тэр л хэвээрээ өчигдөрт минь орхигдсон...
Яасан гэхээрээ он цаг бидний хайрыг хучиж
Ярьж дурсахаар нэгээхэн ч дурсамжийг үлдээсэнгүй вэ?
Яваад өнгөрсөн сар өдрүүдийг эргүүлж, хөрвөөж болдоггүй шиг
Ялимгүй уйтгар үлдээж он жилүүд биднийг тамгалжээ...
Яасан гэж чи намайг хаяж, өөр хүнийх болов оо?
Ямар үйлийн үр нь биднийг учруулж, бас салгав аа?
Ярих зүйл дэндүү олон ч эргээд учрахын тавилан үгүй
Яриагаа цэгцэлж үгээ цэгнэвч ирээдүй л гэж алга аа!
Яршиг төвөг удаж, хоёр биендээ тээг саад болоогүй ч
Яалт ч үгүй сэтгэлийн минь тал чамтай л цуг одсон
Яваад өгье гэхээр өр зүрх минь чамайг нэхээд салдаггүй ч
Яая гэхэв ээ, миний тавилан ийм л байж, чамд минь буруу байхгүй ээ...
М.Эрдэнэчимэг. Улаанбаатар хот. 2007 он.