Гадаад хэргийн яам, “Монгол шуудан” компанийн Маркийн газартай хамтран “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийг бүтээж, өнөөдрөөс албан ёсоор худалдаанд гаргалаа.
АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын 11 дүгээр уулзалтын лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын төрийн ордон болон энх тайвны бэлэгдэл болох цагаан тагтааг дүрсэлсэн уг маркийн зураач, дизайнераар УГЗ Д.Эрдэмбилэг, зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан байна. Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа болон өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан орнуудын төрийн далбаа, хотын нэрийг оруулжээ. “Монгол шуудан” компанийн 1008 дахь сэдэвт бүртгэгдэж буй уг маркийг 1300-1500 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 20 мянган ширхэгийг хэвлэсэн байна.
Нээлтийн үеэр “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан “АСЕМ-ын 20 жилийн ой” маркийн дээжийг хүндэт зочдод гардуулж, зураач, дизайнераар УГЗ Д.Эрдэмбилэг гарын үсэг зурж, баталгаажуулав. Түүнчлэн уг маркийн анхны дугтуйд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг гарын үсэг зурж, Монголын маркийн музейд хадгалахаар боллоо.