Хотын даргын санаачилсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хөтөлбөр зогсоход ойрхон байна. Уг нь энэ төсөл нийт 22 байршлын 57 хэсэгт хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хэдэн компани л барилгын ажлаа эхлүүлсэн нь дээрх төслийн нүүрийг тахалж албаны хүмүүсийг хэлэх үгтэй байлгаж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр хорооллын хөгжлийн газар”-аас энэ оны хоёрдугаар сард дараах мэдээллийг өгч байсан.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн.
-Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон.
-Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газрыг чөлөөлсөн.
-Одоогоор 7000 гаруй айлын орон сууцын барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орно.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцыг тоогоор илэрхийлбэл нэг иймэрхүү. Гэтэл үүний цаана олон компани “төсөл хэрэгжүүлэгч” нэрнээс цаашгүй буюу барилгын ажлаа эхлээгүй байгааг хэлэх нь зүйтэй. Тэдний ихэнх нь санхүүжилт байхгүй эсвэл иргэдтэй тохиролцож чадаагүй гэсэн хоёр төрлийн шалтгааныг хэлдэг. Мөн нийслэлээс хийгдэх дэд бүтцийн асуудал шийдэгдээгүйгээс гацаанд орсон компаниуд ч байгаа юм.
Тухайлбал СХД-ийн 5 хороонд “Хера Холдинг”, “Жи Ди” ХХК-иуд төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч дэд бүтэц шийдэгдээгүйн улмаас барилгын ажил эхлээгүй байна. Дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой байсан ч одоо хэр нь санхүүжилт хийгдээгүй байгаа юм. “Жи Ди” компанийн хувьд 23 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд тэдгээр айлууд хоёр жил гаруй түрээсийн байранд амьдарч байна.
Мөн төсөл хэрэгжүүлэгч компаниудын дунд усанд хаясан чулуу шиг сураггүй болсон компаниуд ч бий.Тэдгээрийн нэг бол “Өндөр буянт” ХХК. Тус компани ЧД-ийн 9 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон ч зарим айл өрхүүдтэй хоёр талт гэрээгээ байгуулснаас хойш таг чиг болсныг иргэд хэлж байна.
Дахин төлөвлөлтийн ажил удааширсантай холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүргийн 10-р хороонд нийтийн байрны оршин суугчид нурсан балгасан дунд амьдарч байгаа талаар мэдээлж буй. Тус байрыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн тогтоосны дагуу “Гэзэгийн худаг” гэх компани шинээр орон сууц барихаар болсон байна. Улмаар өнгөрсөн жил 28 айл байраа чөлөөлсөн бол зарим айл очих газаргүй тул байрандаа үлджээ. Нүүсэн айлууд компаниас шаардсаны дагуу цонх, хаалга, халаалт зэргээ сугалж авсан нь өнөөдөр хүн амьдрах аргагүй болсон. Гэтэл барилгын компани ажлаа эхлүүлээгүйн дээр эрхээ “Өндөр заяа” гэх компанид шилжүүлэх болсоноор асуудал сунжирч 200 орчим иргэн орон гэргүй болох дээрээ тулаад байна.
Иргэдийг тохилог орон сууцтай болгох нь мэдээж сайн зүйл. Гэхдээ энэ ажил олон газраа гацаанд орчихоод байгааг хотын удирдлагууд хүлээн зөвшөөрч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн газар чөлөөлсөн иргэдийг хохироосон дээрх мэт асуудлуудыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй болов уу. Эс бөгөөс иргэд юунд итгэж газраа чөлөөлөх вэ, Хотын даргаа!
А.Нарангэрэл
Эх сурвалж: www.TODAY.mn