04.19

Залууc цахим хуудсаар нэгдэн их цэвэрлэгээнд оролцлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцов.

Цэвэрлэгээнд 8044 аж ахуйн нэгж байгууллагын, 44833 хүн оролцож 331 га талбайн 2119 тонн хог хаягдлыг цэвэрлэн, 651 рейсээр хогийн цэг рүү тээвэрлэн хүргэсэн. Төрийн 370, тохижилт үйлчилгээний 21 байгууллага цэвэрлэгээнд оролцсон юм.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд цахим хуудаснаа нэгдсэн 120, 19, комбинатынхан (combinat) facebook группын залуус тоглож өссөн Дунд голоо, Эко хүү С.Буянхишигтэй хамт Сэлбэ Ротаракт клубынхан Сэлбэ голыг, “Унаган нутаг” төрийн бус байгууллага, дүүргүүд дэх иргэдийн бүлгүүд өөрсдийн амьдарч буй орчноо цэвэрлэсэн. Энэ нь нийслэлийнхээ тохижилт, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган цэвэрлэгээнд оролцох залуус болсныг олон нийтэд харуулсан, хүүхэд багачуудыг ил задгай хог хаяхгүй байхад өөрсдийн биеэр үлгэр дууриал үзүүлсэн ажил болсон.

Цэвэрлэгээний үеэр зуслангийн бүс, гэр хорооллын доторх гуу жалга, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр цэвэрлэгээг хийж, хайс хашаа хашлагыг угаалаа гэж Улаанбаатат хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.