Монгол Улсад анх удаа телевизүүд хамтран орон нутгаас шууд дамжуулалт хийж, авто замын барилга, байгууламжийн ажил орон даяар нэгэн зэрэг эхэлсннийг зарлалаа. Энэ бол түүхэн амжилт. МҮОНТВ болон шууд дамжуулалтад ажилласан ТВ9, Ийгл, MNC, ETV телевизийн хамт олонд бид баяр хүргэх ёстой. МҮОНТВ-ийн 600-гийн студид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Доржханд болон мэргэжилтнүүд, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Монголын үе үеийн замчдын төлөөлөл, ЗТЯ-ны харьяа байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Орон даяар зам барилгын ажлыг эхэлж байгаагаас гадна ЗТЯ-ны харьяа байгууллагууд ч өөр өөрсдийн ажлаа энэ үеэр олон нийтэд тайлагнаж, танилцуулсан юм.
Наран ургах зүгийн нутаг Дорнод аймгийн зам барилгын ажлын нээлтэд Зам, тээврийн сайд М.Зоригт болон аймаг, сумын удирдлага, нутгийн иргэд оролцсон. Тайзнаа дарга нар биш замчид, нутгийн иргэд, хүүхэд багачуул зогсож, дуулж, шүлэг уншиж эхлүүлсэн замын ажлын нээлт бусдыг бодвол нээлттэй, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө. Хөлөнбуйр сумын өндөр настнууд дуугаа дуулж, хүүхдүүд эх орон, эх нутгийнхаа тухай шүлэг уншиж, нутгийн бүсгүйчүүд замчдын алтан шар замыг мялааж, сүү өргөн хамтдаа зам, барилгын ажлын нээлтээ хийсэн. “Хөтөлбөрт тусгагдаагүй ч “нээлтийн арга хэмжээ” нэг тийм аятайхан болчихлоо, бусад шиг зангиа зүүж костюм өмссөн дарга нар тайзан дээр зогсож, тууз хайчилдгаас тэс ондоо боллоо, сайхан байна аа” гэж нутгийн иргэд өвөр зуураа ярилцаж байсан нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд тариалангийн зориулалттай газрын үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 7-8 дахин өссөн нь авто замтай болсны ач тус, одоо манай сум хөгжин дэвжинэ ээ” гэж сумын Засаг дарга У.Ганхуяг нь “онгирч” байсан. Тайзны хажууханд зогсож байсан найман настай хүүг М.Зоригт сайд хөтөлж гаргаж ирснээ “Чи надтай их адилхан юм байна. Хоёулаа савхин курткатай. Чи бидэнд нэг дуулаад үзүүлчих” гэхэд хүү амандаа жаахан бувтсанаа ичсэн бололтой цаашаа эргэсэн. Харин дараа нь “Хөөе, Зоригоо чинь намайг өөртэйгөө адилхан хүү байна гэсэн. Миний зургийг аваад өгчих” гэчихсэн гүйж явна лээ.
Шууд дамжуулалт анхных гэдгээрээ алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л зам, барилгын ажил орон даяар эхэлчихлээ. Энэ жил зүүн аймгуудад зам барилгын хэд хэдэн ажил хийгдэнэ. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217,2 метр урт гүүрийн ажлыг “Насны зам”, “Өвөрзалаат”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Бадрах ойл” компаниуд гүйцэтгэж, “Эм Си Пи Си жи ар” компани зөвлөхөөр ажиллаж байна.
Харин Орхон аймгийн Эрдэнэт хотод улсын төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Говил багт 4.1 км, Дэнж багт 5.08 км хатуу хучилттай замын үлдэгдэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрний 437.2 метр урт гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Сэлэнгэ есөн эрдэнэ”, “Жавхлант харгуй”, “Хотгор зам” компаниуд ажиллаж, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
МҮОНТВ-ийн “Монголын мэдээ” сувгийнхан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болсон зам барилгын ажлын нээлтийг шууд дамжуулж ажилласан. Ерөө сумын Ерөө гол дээрх 272.7 метр урт төмөр бетон гүүр, концессийн гэрээгээр хэрэгжиж буй Дулаанхааны 4 замын уулзвар-Ерөө сум-Хүдэр сум чиглэлийн 104.4 км хатуу хучилттай авто замын ажил ийнхүү эхэллээ. Энэхүү гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК, зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, 104.4 км авто замын гүйцэтгэгчээр “Пик девелопмент” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК тус тус ажиллаж байгаа бөгөөд өчигдрөөс зам, барилгын ажлаа эхэллээ.