02.12

Баталгаажуулах бичилтээ хийлгэхгүй бол одонгийн мөнгө олгохгүй

“Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүдийн мөнгийг жил бүр сар шинийн баярын өмнө олгодог байсан. Энэ жилийн хувьд одонгийн мөнгийг Цагаан сараас өмнө олгоно гэдгийг Сангийн сайд Ж.Эрдэнбат хэлж байгаа. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одонгийн мөнгийг хэзээнээс олгох талаар Нийгмийн халамж, үйлчилгээний газраас тодруулахад “Цагаан сараас өмнө буюу ирэх долоо хоногоос эхэлж олгоно” гэх мэдээллийг өглөө. Түүнчлэн одонгийн мөнгийг олгох болсонтой холбогдуулан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн “Алдарт эх”-ийн I, II одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлсэн байна. Эл байдлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг зорив. Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд одонгийн мөнгөө авахаар зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. 60 орчим насны эмээ ойролцоох байшингийн хаягийг уншиж явснаа “Хүү минь халамжийн төв нь хаана байдаг юм бол. Олон байшингийн дунд төөрчихлөө. Одонгийн мөнгөний дэвтэр дээрээ бичилт хийлгэх гэсэн юм. Баталгаажуулах бичилтээ хийлгэхгүй бол одонгийн мөнгийг Цагаан сараас өмнө олгохгүй гэсэн” гэлээ. Эмээтэй ийн ярилцах зуур бид зорьсон газартаа ирэв. Одонгийн мөнгөний дэвтрээ барьсан эхчүүд баталгаажуулах бичилт хийлгэхээр дугаарлан зогсчээ. Зарим нь үүдэнд иргэний үнэмлэхээ хувилуулж байгаа дүр зураг ажиглагдав. Одонгийн мөнгийг олгож байгаа гэх сургаар “Дэвтрээ аваад яараад хүрээд ирлээ” гэх хүн олон байлаа. Тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяраас цөөн асуул тад хариулт авлаа.

 -Одонтой эхчүүдийн дэвтэрт бичилт хийж байна. Бичилт хийх нь ямар ач холбогдолтой вэ?

-Одонтой эхчүүдийн дэвтэрт бичилт хийх нь их ач холбогдолтой. Өмнө нь мөнгө орчихвол автоматаар сунгаад явдаг байсан. Гэтэл алдаа гараад эхэлсэн л дээ. Одонгийн мөнгө авч байсан хүн нас барвал үр хүүхэд нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хасалт хийлгэдэггүй. Тэгэхээр нас барсан хүний дансанд мөнгө нь байршчихдаг байсан юм. Тиймээс хэчнээн эх одонгийн мөнгө авч байгаа тоог гаргахаар баталгаажуулах бичилт хийж байна. Тэгэхгүй бол хиймэл тоо үүсээд байгаа.

-Нас барсан хүний дансанд одонгийн мөнгө орчихдог гэлээ. Хэн нэгэн аваад ашиглачихдаг юм биш биз дээ?

-Нас барсан хүний нэрийн дансанд мөнгө нь байршчихсан хэд хэдэн тохиолдол гарсан. Гэхдээ мөнгийг хүн аваагүй. Ер нь эх нь нас барчихвал үр хүүхэд нь холбогдох бүхий л байгууллагад очиж хасалт хийл гэх зайлшгүй шаардлагатай.

-Танай дүүргийн хэмжээнд өнгөрсөн жил хэчнээн эх одонгийн мөнгө авсан бэ. Энэ онд одонгийн мөнгө авах эхчүүдийн тоо өссөн үү, эсвэл буурав уу?

-Өнгөрсөн жил 7404 иргэн одонгийн мөнгө авсан. 2292 иргэн I, 4911 иргэн II зэргийн одонгийн мөнгө авсан байдаг. II зэргийн одонтой эхчүүдийн дийлэнх нь залуу хүмүүс бий. Одоогоор бүртгэлийн ажлыг хийж байна. Дууссан цагт л эцсийн тоо гарна. Тэгэхээр одонтой эхчүүд дэвтэр дээрээ баталгаажуулах бичилтийг албан ёсоор хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгөө авч чадахгүй гэсэн үг.

-Одонгийн дэвтэрт баталгаажуулах бичилт хийгээд долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Одоогоор хэчнээн эхийн дэвтрийг баталгаажуулав?

-Одоогоор 3000 гаруй иргэний дэвтрийг баталгаажуулчихсан байгаа. Одонгийн мөнгө өгч эхлэхэд банкин дээр очоод шууд авах боломжтой

 -Мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Ирэх долоо хоногийн даваа гаригаас олгоно гэв. Үүнээс харахад “Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүд дүүргийнхээ Нийгмийн, халамж үйлчилгээний хэлтэст очиж одонгийнхоо дэвтэр дээр заавал баталгаажуулах би чилт хийлгэх шаардлагатай юм байна. Өдөрт хэчнээн дэвтэрт баталгаажуулах бичилт хийж байгааг Нэг цонхны үйлчилгээний мэргэжилтэн н.Оюунчимэгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн нийт 18 хо рооны одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилт хийж өгч байна. Хорооны хүн амын тооноос хамаарч харилцан адилгүй бүртгэл явдаг. Өдөрт доод тал нь 300 эх одонгийн дэвтэртээ бичилт хийлгэдэг” гэв. “Цайны цагаас өмнө бүртгүүлчих юмсан” гэсэн эхчүүд уртаас урт дараалал үүсгэн зогсчээ. Тэд өөр хоорондоо Цагаан сараас өмнө одонгийн мөнгөө өгчихөөсэй. Идээ будаагаа бэлтгэх юмсан. Баяр дөхөх тусам бэлгийн үнэ өсч байна гэж ярилцаж байлаа. Энэ үеэр одонтой эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

 С.Наран: Цагаан сараас өмнө өгчихвөл сайн байна

 “Алдарт эх”-ийн II зэргийн одонтой. Дөрвөн хүүхэдтэй. Гурав дахь жилдээ одонгийн мөнгө авч байна. Одонгийнхоо дэвтэрт сая бичилтээ хийлгэлээ. Иргэний үнэмлэхийг хувилж авч байна. Одонгийн мөнгийг хэзээ олгох талаар асуусан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Цагаан сараас өмнө өгчихвөл сайн байна. Баяр дөхөх тусам бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж байна.

Д.Ханджав: Одонгийнхоо мөнгөөр хүүхдүүдийнхээ гарыг цайлгах бэлэг авна

Эмээ нь долоон хүүхэдтэй. I зэргийн одонтой. Одонгийн мөнгийг өгч байгаа гэх сургаар ирсэн юм. Гэтэл хэзээ өгөх нь тодорхойгүй гэнэ. Ямар ч байсан одонгийнхоо дэвтэрт баталгаажуулах бичилтээ хийлгэчихлээ. Цагаан сар хаяанд ирсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хөгшин над дээр ирж золгох хүн олон. Одонгийнхоо мөнгөөр хүүхдүүдийнхээ гарыг цайлгах бэлэг авна.

С.ИЧИНХОРЛОО