УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АТГ-ын дарга ажлаа өгснийг та хэрхэн харж байна вэ. Өөрөө хэлэхдээ эрүүл мэндийн шалтгаантай гэж тайлбарлаж байгаа ч олон нийт нэлээд хардангуй байна л даа. Тухайлбал, зарим нь зугтаж бултлаа гэж байгаа бол нөгөө хэсэг нь аргагүйн эрхэнд шахалт дарамтаас болоод хугацаагаа дуусгалгүй ажлаа өгч байна гэх юм?
-АТГ-ыг даргална гэдэг хуулийн талаасаа маш нарийн ажил. Ялангуяа мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай, 55 нас хүрсэн гэх мэтээр нэлээд өндөр шалгуур тавьж өгсөн юм. Энэ газрыг бий болгосон цагаас гурван ч даргын нүүр үзлээ. Энэ хугацаанд бид аль л дадлага туршлагатай, хуулийн салбарын тулхтай гэсэн хүмүүсээ томилж ажиллуулсан. Үнэхээр энэ ажил амаргүй, халгаатай албан тушаал юм байна гэдэг нь харагдлаа. Миний хувьд хөдөө томилолтоор явж байгаад ирлээ. Эзгүй байсан учраас мэдээлэл муутай байна. Н.Ганболд ажлаа өгч байгаа нь ямар ч байсан энэ ажил маш их халгаатай, хэдийгээр эрүүл мэндийн шалтгаантай гэж байгаа ч дарам шахалт байсан л байж таараа гэж би хардаж байгаа. Бодвол “хадны завсар хавчуулсан халиуны зулзага” гэдэг шиг л байсан байлгүй, хөөрхий. Уг нь бид аль болох улс төрөөс хараат бус, аль нэгэн албан тушаалтнаас хамааралгүйгээр буюу зөвхөн хуульд захирагдаж, хуу лийн дор л ажлаа явуулах ёстой гэж бодож АТГыг бий болгосон. Миний хувьд АТГынхантай уулзвал нэг л том зарчим хэлдэг. “Яллах цагаатгах талыг эн тэнцүүхэн барих ёстой шүү. Ингэхгүй бол хэлмэгдүүлэлт рүү хальтраад орчихно. Эс бөгөөс авлигыг таслан зогсоож, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, авлига хавтгайрна шүү. Өөрөөр хэлбэл, хүн хэлмэгдүүлэхгүй, авлигачдын толгойг илэхгүй байх хоёр зарчмыг баримтлахдаа яллах цагаатгах хоёрыг тэнцүү авч үзэж байж сая ноён нуруутай, хуулийн дагуу ажиллах болно” гэдгийг л олонтаа сануулж ирсэн дээ.
-АТГ бий болсон цагаасаа гурван ч даргын нүүр үзсэн. Гурвуулаа л хуулийн хугацаагаа дуусгалгүй явж байгаа нь хар төрүүлээд байх шиг байна л даа?
-Сүүлийн үед бүх юм тогтворгүй болсны л нэг шинж. Гэхдээ ноцтой илрэл нь энэ. Харин ч Н.Ганболд нь энэ ярвигтай албан тушаалыг хаших гэж нэлээд тэсэх шиг боллоо.
-Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө төрийн томчуудыг “агнадаг” байгууллагыг даргагүй болгочихлоо. Үүний цаана ямар нэгэн далд санаа байгаа юм биш биз дээ. Дараа нь ямар хүнийг томилох вэ гэсэн асуулт гараад ирлээ л дээ?
-Энэ асуудал бас л хардлага төрүүлж байна. Өнгөрсөн жил хуульд өөрчлөлт оруулаад 45 нас болгосон. Энэ бүхэн цаагуураа л нэг хардлага төрүүлээд байгаа шүү.
-Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд анхаарал татсан асуудлын нэг нь Х.Баттулга гишүүний ажлын өрөөнд нэгжлэг хийсэн явдал байлаа. Энэ үеэр жүдочдоос авахуулаад УИХ-ын гишүүд олноороо тухайн үйл явдал дээр гүйж очлоо. Хуулийнхан ч нэлээд сүрийг үзүүлсэн. Хуульч гишүүний хувьд та энэ үйл явцыг хэрхэн дүгнэсэн бэ?
-Ер нь ийм асуудал байсхийгээд л гараад байна. Тэгэхээр бид хуулийнхаа дагуу л явах ёстой. Ерөөсөө эцсийн дүндээ аливаа ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийнхаа дагуу зөв явсан уу эсвэл буруу юу гэдэгт л учир байгаа юм. Манай УИХын гишүүд ч бөөн бөөнөөрөө сүржигнэж очоод байх асуудал биш байх. Цагдаагийнхан ч сүржигнээд байх юм биш. Жирийн хүмүүс, аж ахуйн нэгж дээр иймэрхүү нэгжлэг үзлэг явуулж л байдаг. Тэр бүрт ингээд байх хэрэг үү. Х.Баттулга гишүүний өөрийнх нь өрөөг нэгжиж шалгаагүй байх гэж бодож байна.
-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг танай намын бүлгээс гаргачихаад байгаа. Үүнийг цаг үеэ олоогүй гэсэн шүүмжлэл гараад байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Сайн дураараа огцрохыг л шаардсан байхгүй юу. Тэрнээс биш хууль зүйн үндэслэлээ мэдэхгүйдээ ийм шийдвэр гаргасан юм биш. Энэ хүнийг огцруулах гарын үсгээ бид аль өвөл зурсан юм шүү дээ. Сая л өөрт нь хүргүүлсэн болохоос. Тэгэхээр би хувьдаа хууль зөрчиж байна. Үндсэн хуульд халдах явдал хэрээс хэтэрлээ гэж харж байгаа. Хэрээс хэтрэх нь байтугай Үндсэн хуульдаа бид халдах ёсгүй юм шүү дээ. Хуулийн дээгүүр гишгэлж, дураараа авирладаг, дарангуйлдаг. Энэ нь УИХ ын даргын нэр дор өрнөөд байгаа ч нийт олонхийн хүч түрэмгийлэл гаарлаа. Үүнд дохио санамж болгож түүхэнд үлдээе гэж л огцруулах бичиг өгсөн. Түүнээс биш УИХын даргыг зөвхөн Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан тохиолдолд л нууцаар санал хурааж огцруулдаг болохоос өөр үндэслэл байдаггүй юм. Байнгын хорооны даргыг жил бүр солиод байдаг мөртлөө УИХын дарга, дэд даргыг дөрвөн жилээр сонгодог баталгааг нь гаргаад өгчихсөн юм. Тиймээс энэ талаасаа биш бидний гаргасан огцруулах бичгийн эцсийн өгүүлбэрийг уншаач. Өөрөөр хэлбэл, хүмүүс УИХын даргыг огцруулах гэдэг гарчгийг л уншаад байна л даа. “Гэдэс дотор” руу нь орж, уншвал бидний санааг бүрэн дүүрэн ойлгоно.
- МАН, АН хоёр Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр санал нэгдчихсэн. Тиймээс ч жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нь Үндсэн хууль зөрчинө гэсэн утгатай иргэний гомдол Цэцэд очжээ. Ингэж Цэцээр шийдвэр гаргуулж байгаад хуулиа өөрчлөх нь гэж яриа гараад эхэллээ. Таныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Иргэний гаргасан гомдолтой танилцаж амжив уу?
-Энэ асуудалд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бичгээ өчигдөр /өнгөрсөн пүрэв гариг/ авсан. Дөнгөж л судалж эхэлж байна. Хэлэхэд эрт байна. Ер нь нийгмийн сэтгэлзүй болон Үндсэн хууль баталсан депутатуудын ойлголтоор Монгол Улс шууд сонгууль явуулах ёстой. Шууд гэдэг нь УИХын гишүүнийг иргэд аливаа шат дамжлагагүйгээр сонгохыг хэлнэ гэсэн үг. Олон улсын онолын ойлголтоор шууд гэдэг нь жагсаалтаас гадна дамжуулахгүйгээр шууд саналаа өгөхийг л хэлдэг. Тэгэхээр нэгдүгээрт, ойлголтын зөрүү байна. Хоёрдугаарт, хаана ч очоод уулзалт хийсэн жагсаалт болон хар машиныг л иргэд эсэргүүцэж байна. Ингээгүй цагт шударга ёс тогтохгүй гэж байна. Жагсаалт үнэхээр муу нэртэй байгаагаас гадна хоргодох байр болж хувирсан. Ард түмний дургүйцлийг хүргэдэг олигархиуд болон УИХын гишүүний бүрэн эрхээр дархлаажих гэсэн хүмүүсийн хоргоддог газар боллоо гэх шүүмжлэл асар их байна. Тэгэхээр би судлаач, хуульчийн хувьд жагсаалтад буруу байхгүй гэж бодож байгаа. Харин болж бүтэхгүй хүмүүсийг жагсаалтдаа оруулж буй намд буруу байна. Хэрвээ тухайн нам олон түмэнд таалагдахгүй хүмүүсийг жагсаалтад оруулчихвал ард түмэн сонгохгүй л байх хэрэгтэй. Бас ард түмэнд ч гэсэн буруу байгаа биз. Нам, ард түмэн хоёроос гадна увайгүйгээр УИХ руу тэмүүлж байгаа нэр дэвшигч гуравт л буруу байгаа юм.
-Тэгэхээр таны хувьд жагсаалтыг огт үгүйсгэдэггүй юм байна. Гэтэл та чинь өөрийнхөө энэ байр суурийн эсрэг Цэц дээр очих болох нь ээ?
-Манайх нэг парламенттай, цөөн гишүүнтэй. Тиймээс цөмийг нь можаритараар сонго гэж ард түмэн шахаж байна. Гэтэл үнэндээ жагсаалтын элементийг оруулж ирсэн нь бас нэг дэвшил гэж би хардаг. Гэхдээ мэдээж жагсах хүмүүсийн тоо их байж болохгүй. Би ер нь жагсаалтыг ямар нэгэн хэмжээнд байх ёстой гэж боддог. Тэгээд ч 2012 оны сонгуулийн өмнө 100 хувь можаритар байх боломжгүй гэж Цэц үзчихээд өнөөдөр яагаад гэнэтхэн маргаан үүсгэчихэв гэдэг нь надад бас эргэлзээ төрүүлж байгаа. Ер нь зарчмын хувьд Монгол Улс гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай, Үндсэн хуулийн агуулгаас үзвэл төлөөллийн ардчилал нь давуу байж ард түмнээс можаритараар сонгогдохыг хүмүүс хүсч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, иргэд төлөөнийхөө хүнийг барьж үзэж мэдэрч байж сонгох хүсэлтэй болсныг хүндэтгэн үзэхээс аргагүй. Гэвч нөгөө талдаа пропорционалийн элемент Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй санал нийлэхэд төвөгтэй. Гэхдээ мэдээж УИХын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд баталсан хуулиа хамгаалж оролцохоос аргагүй.
-2012 оны сонгуулийн өмнө жагсаалтыг болиулъя гэдэг гомдлыг Цэцэд гаргаж байсан ч хүлээж аваагүй юм билээ. Гэсэн атлаа өнөөдөр яагаад маргаан үүсгэчихэв гэдэг асуудал гарч ирээд байна л даа?
-Тэгсэн. Гэхдээ энэ удаад Үндсэн хуулийн Цэц чухам ямар үндэслэлээр маргаан үүсгэж байгаа нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх.
-Жагсаалтын 28-аа байхгүй болгоод шууд можаритараар сонгууль явуулах нь жижиг намуудад халтай гэдэг шүүмжлэл их гарч байгаа даа?
-Би тэр талаас нь харахгүй байгаа. Тэгээд ч жижиг, том нам гэж харахыг хүсэхгүй байна. Бүгдээрээ л сонгуульд оролцож байна шүү дээ. Гол нь пропорционалийг яагаад оруулдаг юм гэхээр сонгогчдын өгсөн санал хаягдахгүй байхад нөлөө үзүүлдэг. Нөгөө талаас Сонгуулийн хуулиар /шинэчилснээр/ олон нийтэд таалагдсан, таалагдаагүй нам хэдэн хүний нэр бичдэг, хүчээр санал өгүүлж байна гэдгийг засахын тулд би өөрөө санал гаргаж байсан юм. Ингэснээр дэвшүүлж байгаа 26 хүнийхээ жагсаалтыг тухайн улс төрийн нам СЕХнд өгнө. СЕХ албан ёсоор сонгогч нэг бүрт ямар намаас хэнийг яаж дэвшүүлэв гэдгийг сонгогч бүрт өгнө. Ингээд сонгогч мэдээллээ авснаар үнэхээр төрд хэрэгтэй, байх ёстой хүмүүсийг дэвшүүлсэн байна. Эсвэл төрөөс зайлаасай, парламентад байх ёс суртахууны эрхгүй хүн орсон байгаа учраас би энэ намыг сонгохгүй гэх мэт байдлаар сонголтоо хийх боломжийг иргэдэд хангаж өгснөөрөө жаахан ч гэсэн дэвшилттэй алхам болсон юм.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг орхигдуулсан нь санаатай үйлдэл байсан юм биш үү. Өнөөдөр ингэж хуулиа өөрчлөхийн тулд хийсэн алхам байсан гэж олон нийт хардаад байна?
-Би ч гэсэн энэ талаас нь хардаж байгаа. Үндсэн хуулийн Цэц пропорциональ нь Үндсэн хуультай зөрчилдсөн гээд дүгнэчихвэл УИХ авч хэлэлцэхээс аргагүй болох юм. Учир нь зургадугаар сарын 29ний сонгуулийг будилаангүй, хуулийн зөрчилгүй явуулахгүй бол маргаан гарах магадлалтай. Арай гэж сонгуулиа явуултал хуулийн зөрчилтэй болчихвол нийгмийн тогтворгүй байдлаас гадна засаглалын хямралыг дээд цэгт нь хүргэх аюултай. Үндсэн хуулийн хямрал болно. Тиймээс энэ асуудлыг эртхэн нэг тийш нь болгоод сайн ч бай, муу ч бай, нэг хэсэгт нь таалагдсан таалагдаагүй тодорхой тоглоомын дүрэмтэйгээр сонгуулиа явуулах ёстой. Уг нь зургаан сарын дотор хуулиа өөрчилж болохгүй гэдэг чинь үүнд чиглэсэн юм. Харамсалтай нь энэ заалтыг орхигдуулчихаж. Гэхдээ Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт энэ заалт хүчинтэй хэвээр байгаа. Тиймээс Сонгуулийн хуулиа өөрчлөх эрх байна уу, үгүй юү гэдгийг хэлэх ганц субьект нь Үндсэн хуулийн Цэц л юм. Тэгэхээр Цэцийг улс төрөөс хараат бус байлгаж, ажиллуулах нь хэчнээн чухал болох нь харагдаж байна. Гэтэл саяхан нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн Цэцийн эцэслэн гаргасан шийдвэрийг өөрчлөөд өөр хуульд агуулгаар нь тусгасан байхад Цэц шийдвэр гаргахыг хориглосон хуулийг оруулаад ирж байх жишээтэй. Ер нь Цэцийн даргыг халж сольж байгаагаас авахуулаад дайралт хийж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийг “шүдгүй арслан”, амьгүй албат болгож байгаа хэрэг. Ингэж байхаар Цэцийг татан буулгах хэрэгтэй. Эрх мэдэлгүй, УИХын гаргасан шийдвэрийг таслан зогсоох эрхгүй Цэцтэй байснаас байгаагүй нь дээр. Энэ мэт удаа дараагийн үйлдлийг УИХын дарга таслан зогсоохгүй байна. Цэц рүү ингэж халддаг байдал сүүлийн үед л гаарчихлаа.
-Цэцийн даргыг чөлөөлөхийн тулд ээлжит бус чуулган зарлаад хууль бусаар авч хаясан гэх шүүмжлэл одоо ч өрнөдөг. Харин үүний цаана эрх баригчид өөрийнхөө хүнийг Цэцэд шургуулах гэсэн алхам байсан нь тодорхой болоод байгаа. Тухайлбал, Р.Гончигдорж гишүүн өөрийгөө Цэцэд нэр дэвшүүлчихсэн байгаа шүү дээ?
-Өөрийгөө нэр дэвшүүлэх эрх хэнд ч бий. Харин Р.Гончигдоржийн хувьд эхлээд УИХын гишүүнээсээ чөлөөлөгдөх ёстой. Давхар ажиллаж болохгүй. Гэхдээ Цэцийн есөн гишүүн нууцаар санал хурааж сонгодог болохоос УИХаас томилохгүй шүү дээ.
-Тэгэхээр та Р.Гончигдорж гишүүн Цэцэд нэрээ дэвшүүлснийг өөрийнх нь хүсэл гэхээсээ АН-ынхны түлхээс гэж хэлэх гээд байна уу?
-Би хувьдаа тэгж л харж байна. Гэхдээ Цэцэд нэрээ дэвшүүлэх эрх хэнд ч бий, гол нь давхар ажилтай байж болохгүй гэдгийг дахин хэлье.
-Сонгууль болох бүрт хуулиа өөрчилдөг болчихлоо. 2020 он гэхэд дахиад хуулиа өөрчилье гэх юм биш биз дээ?
-Ийм нөхцөл үүснэ, тэр гарцаагүй. Сонгуулийн хуулийн “эцэг” гэх нь хаашаа юм, ямар ч байсан голлох хүн нь би юм. 1990 оны анхны ардчилсан сонгуулийн хуулийг батлалцаж явлаа. Үүнээс хойш хэд хэдэн удаа хуульд өөрчлөлт оруулсан. Гурван удаа жижисгэсэн тойргоор сонгууль явуулаад 2008 онд томосгосон тойргоор явуулсан юм. Ингээд 2012 онд холимогоор явуулсан. Энэ бүх хугацаанд одоогийнхоос бусад Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт би оролцсон. Энэ бүхэнд маш их туршлага судалсан. Үүний дүнд 48:28 ыг арай дээр хувилбар гэж тогтсон юм шүү дээ. Яахав 28 нь олон байж магадгүй. Гэтэл үдээс хойш гэдэг шиг гэнэтхэн сонгууль тулсан үед “Нээрэн, энэ жагсаалтыг багасгах хэрэгтэй юм байна” гэх юм. Уг нь Сонгуулийн хуулийг хэлэлцэж байхад можаритарыг ихэсгэе гэж хэчнээн ярихад хүлээж аваагүй атлаа өнөөдөр өөрчилнө гэж яриад эхэлж байгааг нь би гайхаад байгаа юм. Эцсийн дүндээ улс төрийн намууд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд л хуулиа өөрчлөөд байна гэж би ойлгодог. Ний нуугүй хэлэхэд өнөөгийн нөхцөлд ард түмэн хүнээ мэдрээд сонголтоо хийх нь зөв юм даа. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн хугацаанд гишүүд өөрсдөдөө таарсан хууль хийх гээд байна гэж их хардаж байна. Би үүнд ганц л юм хэлдэг. Жишээ нь, би Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт дандаа ажиллаж ирсэн. Шүүмжлэлийн бай их болсон. Гэхдээ эцсийн дүндээ аргагүйн эрхэнд өөрийнхөө санаж бодож байснаас өөрөөр л хууль батлуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, олонхийн саналаар л хуулийг баталдаг. Би яах бол гэж Сонгуулийн хуульд оролцдоггүй юм. Хэчнээн өөрийгөө бодож хууль гаргасан ч ялагддаг л байхгүй юу. Хувийн эрх ашиг, арьсаа бодож хууль гаргаж болохгүй гэдгийг мөн ч их анхааруулж байна даа. Эцсийн эцэст хүн зөв сэтгэлтэй л байх ёстой. Гишүүн бүр энэ байр сууринаас хандаасай билээ. Ер нь Сонгуулийн хуульдаа байгаа юм биш улс төрийн нам, нэр дэвшигчид нь зөв байсан цагт сонгуульд ялдаг болохос хуулиар ялдаггүй юм.
-Өнөөдөр МАН-ын Бага хурал болно. Ямар асуудал хэлэлцэх вэ. МАХН-тай эвсэх эсэхийг эцэслэнэ гэсэн хүлээлт байх шиг байна?
-Би мэдээлэл муутай байна. Гэхдээ ямар ч байсан сонгуулийн Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Хэрвээ хоёр нам нийлэхээр болбол Мөрийн хөтөлбөрөө нэгтгэхээс авахуулаад олон ажил ундарч таарна. Гэтэл хугацаа тулчихсан байдаг. Бага хурлын гишүүдээс гаргасан санаа оноог тусгаад энэ сарын 20 гэхэд Аудит руу явуулах учраас цаг маш бага байна.
М.Өнөржаргал
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН