Саяхан Тайландад зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор нэгэн сонирхолтой журмыг нэвтрүүлэхээр болсон тухай олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцоллоо. Тэр нь юу вэ гэвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг морг буюу цогцос хадгалах газарт албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болсон явдал юм.
Тус улсын хувьд зам тээврийн ослын тоогоороо ч дэлхийд нэлээд дээгүүрт бичигддэг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар жил бүр 24 мянган хүн зам дээр амиа алддаг гэсэн тоон баримт ч байдаг юм байна. Авто замын ослын дийлэнхийг уусан жаахан сархаддаа халамцсан согтуу жолооч нар гаргадаг байх юм. Үүнийг уншаад “аргагүй шүү дээ, иргэд нь машин гэхээсээ илүү моторт дугуй, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцдог юм чинь” гэж хэлэх нэгэн байхыг үгүйсгэхгүй.
Дээрх журмыг нэвтрүүлэхээс өмнө тус улс согтуу жолооч нарт зам тээврийн ослын хор уршиг, үр дагаврыг ойлгуулах үүднээс ослын газарт ажиллах эмч мэргэжилтнүүдэд туслах ажлыг хийлгэдэг байсан гэнэ. Гэвч энэ арга нь үр дүнгээ өгөөгүй учир моргт албадан ажил хийлгэхээр шинэ журам гаргасан нь энэ юм билээ. Зам тээврийн осол их гардаг болохоор ч тэрүү, согтуу жолооч нараа хязгаарлахад ийн анхаардаг байна. Тайландын хүн ам 2001 оны байдлаар 60 сая гэж тоологджээ. Харин Монгол Улс өнгөрөгч онд гурван саяулаа болсноо зарласан.
Ингэж тооцвол манай улсын хүн ам Тайландтай харьцуулахад, ердөө таван хувьтай нь тэнцэж байх жишээтэй. Гэтэл авто замд гарах ослын тоо нь өнгөрсөн онд л гэхэд 6063 бүртгэгдсэн байх юм. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сард нэг өдрийн дотор 60 орчим согтуу жолооч журамлагдсан таагүй мэдээ дуулгаж байсан. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд дээр дурьдсан тоо арай их санагдана. Тиймээс Тайландын туршлагыг улсдаа нэвтрүүлье. Манай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, эрхийг нь хасна гэж заасан. Мөн энэ зөрчлөө давтан үйлдвэл түр хугацаагаар саатуулах заалттай.
Жолооч нарын халаасыг тэмтэрсэн энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш ч, согтуу жолооч нар цагдаагийн байгууллагынханд журамлагдсаар л байгаа. Тиймээс арга барилаа өөрчилж, Тайландын жишгийг согтуу жолооч нарын тоог багасгахад ашиглавал ямар вэ. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх аюултай шүү гэдгийг морг буюу цогцос хадгалах газар ой тойнд нь шингэтэл ойлгуулж чадах юм биш үү.
Тэгээд ч миний сонссоноор манайд гадаадын киноноос харж байсан шиг өндөр зэрэглэлийн цогцос хадгалах газар байдаггүй гэсэн. Хөлийнх нь хуруунд нэр, тусгай пайзыг зүүсэн цогцоснуудыг эгнүүлээд давхарлачихсан байдаг гэнэ билээ. Тэнд албадан ажил хийлгэдэггүй юм аа гэхэд ганц хонуулахад л согтуу жолооч нарын тоо эрс багасах болов уу. Хаалгаар нь оруут л таагүй эхүүн үнэр хамар цоргиж, цаанаа л хүйтэн орчин тэднийг угтах болно. Зам тээврийн осол гэмтэл гэх мэт янз бүрийн шалтгаанаар амьсгал хураасан хүмүүсийн цогцоснуудыг харсан хэн ч дахин согтуугаар машин жолоодож, тэр аймшигтай газарт эргэн ирэх хүсэл төрөхгүй л байх. Тэгээд ч хайртай дотны хэн нэгэн, найз нөхөд, гэр бүлийнхэн болоод өөрийгөө тэр ч байтугай өөрт нь ямар аймшигтай эрсдэл тулгарч болох байсныг ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас ямар их хүн амь нас, бие мах бодиороо хохирч болох байсныг ухаарах нь гарцаагүй.
Сэтгүүлч Н.Пунцагболд
http://www.mminfo.mn/content/86929.shtml?alias=opinion