Сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааг хятадууд худалдаж авч байна гэх мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл энэ талаар СЗХ-ноос мэдээлэл хийлээ. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг онцолсон. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болбол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй гэдгийг албан ёсоор мэдээллээ.
Хоёрдугаарт, иргэд хувьцааны данс нээх үйл явцыг зарж, борлуулах мэтээр ташаа ойлгож буйг ч хэллээ. Тухайлбал, 1072 хувьцааг иргэд өөрийн болгож баталгаажуулахын тулд брокер, дилерийн компанид данс нээлгэдэг. Ингэж данс нээдэг 60 гаруй компани бий. Гэтэл иргэд энэ данс нээх үйл явцыг зарах мэтээр ойлгож, Урт цагааны баруун жигүүрийн компанийн үүдийг сахиж байгааг хэлж байлаа.
Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаа зарж байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр холбогдох утасны дугаар, машины дугаар зэргээр хөөн шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэв. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий 62 брокер, дилерийн компани байна. "Эрдэнэс Таван толгой"-н 1072 хувьцааны дансыг нээх ажил 2012 оноос хойш явагдаж байгаа ажил. Гэтэл сүүлийн үед энэ үнэт цаасны данс нээснийг иргэд буруу ташаа ойлгож, бэлэн мөнгө болгох боломжтой гэж үзэх болж.
Учир нь энэ хувьцааг тухайн иргэн захиран зарцуулах эрх нь нээгдээгүй байгаа. Арилжаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч эрх нь нээгдээгүй. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүй, Хөрөнгийн биржид бүртгэгдээгүй хувьцааг олон нийтэд санал болгож гэв.