Удахгүй нээлтээ хийх “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киноны Гармаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Д.Баттөмөртэй цөөн хором ярилцлаа.
-“Өнөр бүл” кинонд тоглох саналыг хэзээ хүлээж авав?
-“Боловсрол суваг” телевиз, “Хүлэгү Пикчерс” кино компани судалгаа хийж “Өнөр бүл” киноны эдүгээчилсэн ангийг бүтээхээр болсон. Олон улсын кино урлагт байдаг жишгийн дагуу “Хүлэгү Пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн Монгол кино” төслийг санаачлан надад Гармаагийн дүрд тоглох санал тавьсан. Д.Дожоодоржийн зохиолоор найруулагч Д.Жигжид найруулж олны хүртээл болгосон энэхүү киног хүүхэд ахуй наснаасаа үзэж өссөн учраас Гармаагийн дүрийг бүтээх саналыг дуртайяа хүлээж авсан.
-Энэ киног үзэгчид хуучин хувилбартай нь их харьцуулж харах байх даа?
-Энэ киног үзээгүй, 1990-ээд оны хүүхэд, залуус бий. Тэгэхээр үзэж байсан мэддэг нь харьцуулж үзэх, үзээгүй нь шинэ соргогоор хүлээж авах болов уу гэж бодож байна. Магадгүй 2050 онд бидний энэхүү киног залуу үе шинэчлэн найруулахыг үгүйсгэхгүй. Тэр үед Улаанбаатар, киноны үйл явдал өрнөх орчин цаг үе дахиад л шинэ болох нь тодорхой. “Шадар гурван цэрэг”, “Үнсгэлжин” зэрэг киног хэд хэдэн улс өөр өнгө аястай болгон шинэчилж, найруулагчид өөр өөрийн өнцгөөр харж дэлгэцийн бүтээл болгосон байдаг. Түүнтэй адил энэ кино мөнхөрч маш урт цаг хугацааг туулаасай.
-Гармаагийн дүрд хэрхэн ажилласан бэ. Гавьяат жүжигчин Алтан-Өлзийгөөс зөвлөгөө авсан уу?
-Гавьяат жүжигчин Алтан- Өлзийн бүтээсэн Гармаагийн дүр Монголын ард түмний сэтгэлд хоногшсон. Тиймээс эхэндээ энэ дүрийг бүтээхдээ бага зэрэг эмээсэн. Хүний амилуулсан дүрийг дахин давтана гэдэг амаргүй ажил байдаг юм байна. Киноны зураач, зураглаач, найруулагч гээд кино группийн бүх уран бүтээлчтэй өнөө цагийн Гармаа ямар байх вэ гэдгийг маш удаан ярилцсан. Тэгээд өөрийнхөөрөө дамжуулж орчин цагийн Гармааг бүтээхийг оролдлоо. Алтан-Өлзий ахын жүжиглэлтийг дуурайлгүйгээр, өөрийн харсан өнцгөөрөө тоглосон. Өнөө цагт тусч, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг хүн ховордсон. Энэ цагийн хүмүүс Гармаа шиг байгаасаа гэсэн мессэжийг дүрээрээ дамжуулж хэлэхийг хүссэн.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН