05.13

Баянгол дүүргийг ”Эрдэнэ вангийн хошуу” хэмээн нэрийдэхийн учир

Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий.  Тэдний нэг бол УИХ-ын гишүүн,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санадаг болохыг хэвлэлүүд нэг биш удаа шуугиж байлаа. Тэр бүү хэл Баянгол дүүрэгт дураараа дургиж дунд чөмгөөрөө наргидаг тухай ярих нэг нь бий.  Үнэхээр С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийн эзэгнэжээ. Тиймдээ ч Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог. Шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм.  Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна.  Баянгол дүүргийн албан ёсны сайт руу ороход энэ мэдээлэл үнэн болохыг төвөггүй олж харна. Ингээд эрхэм төрийн түшээ, төрийн сайд С.Эрдэнийн “багийнхан”-ыг танилцуулж байна. Н.Нинжбадгар С.Эрдэнэ сайдын эхнэр. Э.Содгэрэл С.Эрдэнэ сайдын охин. Э. Ганболор С.Эрдэнэ сайдын хүү. Б.Лхагвасүрэн С.Эрдэнэ даргын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан. Б.Мөнгөнсүх С.Эрдэнэ сайдын бие хамгаалагч Л.Баттулга С.Эрдэнэ сайдын жолооч Г.Энхболд С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан Т.Сэр-Од С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч Т.Мөнх-Очир УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслах. Б.Бурмаа БГД-ийн тамгын газарт захиргааны хяналтын байцаагч Д.Дэлгэрбат НТЕГ-т ажиллаж байсан. Э.Мандхай С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч Т.Төгөлдөр “Гурван тамир” сургуулийн багш Ц.Отгонбаяр “Молор трейд” , “Эрдэнэ”  зэрэг компаниудад нь ажиллаж байсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн БГД-ийн ИТХ 41 гишүүнтэй. 41-ийн 2 нь МАХН-ынх, 9 нь МАН-ынх, 30 нь АН-ынх юм.  Харин АН-ын гишүүдийн 21 нь С.Эрдэнийн хүмүүс болохыг төлөөлөгчид нь ярьдаг.  Энэ нь дээрх баримтнаас харахад батлагдахаар. С.Эрдэнийн хүмүүс зүгээр нэг иргэдийн хурлын төлөөлөгч үү гэхээр үгүй. Дүүргийн хэлтсийн дарга ч юм уу тус бүрдээ төрөөс цалинждаг ажилтай гэж байна. Хамгийн доод тал нь хорооны даргын албан тушаалтай. Уг нь бол сонгогчид буюу ард түмэн  өөрсдөө иргэдийн төлөөлөгчдийг сонгодог.  Энэ байдлаас харахад ноён С.Эрдэнэ тойрон хүрээлэгчдээ төрөлх тойрогтоо хүч хэрэглэн төлөөлөгч болгосон уу гэвэл үгүй юм. Харин гаргалгаа нь тэрбээр өөрийн хүмүүсээ хүч түрэн иргэдийн хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн байж мэдэхээр. Шалтгаан нь эрхэм гишүүн, сайд С.Эрдэнэ 2000 оноос эхлэн БГД-ийн ардчилсан намын даргын албыг хашиж буй.  Ийм учраас хаана, хэнийг дэвшүүлэх үү, яах ёстой гэдгээ аль хэдийн судалсан байж таараа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж харж болно. Ингэлээ гээд хууль зөрчсөн асуудал ч биш. Гэхдээ ичих булчирхайтай байж, жаахан жудагтай загнасан бол л гэх бодол төрж байгаа юм. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнийн ямар ямар хүн байдгийг та бүхэн харлаа. Одоо Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт С.Эрдэнийн ямар хүмүүс байгааг сонирхож болно. Г.Энхболд Баянгол дүүргийн засаг даргын орлогч буюу С.Эрдэнэ сайдын хүргэн гэж байгаа. Т.Нямцэцэг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, С.Эрдэнэ сайдыг НДЕГ-ыг удирдаж байхад Мониторингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Д.Дулмаа БГД-ийн ЗДТГ-ын  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга, С.Эрдэнэ сайдыг НДЕГ-ыг толгойлж байхад тэнд ажиллаж байсан. Б.Сүрэнхүү  БГД-ийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга. Мөн л С.Эрдэнэ сайдыг НДЕГ-ыг толгойлж байхад хамт ажиллаж байсан.  Энэ бүхнээс харахад Баянгол дүүрэг бараг тэр чигээрээ С.Эрдэнэ гэдэг хүний мэдэлд орсон гэж харагдаж байна.