Тайванийн агаарын тээврийн TransAsia компанид ажиллаж буй 29 нисгэгч аюулгүйн ажиллагааны шалгалтанд унаснаар түр огцроход хүрчээ. Тус улсад 7 хоног орчмын өмнө гарсан онгоцны осолтой холбоотойгоор ийнхүү нисгэгчдийг шалгалтанд хамруулсан билээ. Шалгалтын үр дүн маш таагүй гарсан ч цаашид эдгээр нисгэгчдийг дахин сургалтанд хамруулж, ур чадварыг нь сайжруулна гэдгээ тус нислэгийн компанийн удирдлагууд амласан байна. Өнгөрөгч 7 хоногт Тайпэй хотод онгоц осолдож, 42 хүн нас барсантай холбоотойгоор эрх баригчид ийнхүү нисгэгчдээс шалгалт авах шийдвэрийг гаргасан билээ.
TransAsia компанийн зүгээс хохирогч тус бүрийн ар гэрийнхэнд 470,000 ам.долларын нөхөн олговор өгөхөөр болсон байна. Гэвч хохирогчдын гэр бүлийнхэн уг нөхөн олговрыг авахаас татгалзсан талаар Тайванийн хэвлэлийнхэн мэдээлсэн юм. TransAsia нь өнгөрөгч 7 дугаар сард болсон өөр нэгэн ослын хоригчдын төрөл төрөгсдөд мөн энэ хэмжээний нөхөн төлбөр олгож байсан билээ.
Б.Болормаа