"Боловсрол" суваг телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр энэ сарын 8-наас эхлэн үзэгчдэдээ толилуулж байгаа билээ. Тэгвэл Өнгөрөгч ням гарагт шоуны хоёр дахь дугаар үзэгчдэд хүрч, дуучин Б.Маралжингоо дахин ялагч болов. Өмнөх долоо хоногт дуучин С.Наранг дуурайж, үзэгч болон шүүгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тэгвэл энэ удаа тэрбээр алдарт дуучин Эми Уайнхаусыг тайзнаа авч ирэв. Шоуны шүүгчид Б.Маралжингоог алдарт дуучин Эми Уайнхаустай дүр төрх, дуу хоолойны хувьд ч адилхан гэдгийг онцолж байлаа. Дуучин бүсгүй алдарт дуучны шүтэн бишрэгч гэдгээ тодотгоод өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ маш их баярлалаа. Алдаа дутагдал байсан бол ойлгоорой. Гэхдээ хар багаасаа сонсож өссөн дуучнаа хэлбэр байхгүй гүн ойлгож хувьдаа мэдэрдэг юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.