05.20

Б.Болор: Эдийн засаг энэ жилээс сайжрах төлөв харагдаж байна

-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Он гарснаар дээрдэж байгаа, цаашдаа тогтворжих, тэгээд өсөх төлөв байдал ажиглагдаж байна. Энэ нь гадна талдаа очиж байгаа мессэж, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаагаар ажиглагдаж байна. Өнгөрсөн жил бараг бүх цаг үеийн хамгийн доод түвшинд ирсэн байсан. Энэ жилээс сайжрах төлөв харагдаж байна. Энд төсвийн бодлого нөлөөлж байгаа гэж үзэж байна. Өнгөрсөн жил бидний оруулж ирсэн төсвийг Их хурал оролдолгүй батлаад явуулсан бол өнөөдөр бид энэ хүндрэл дээр арай гайгүй, цаашлаад 2017 оны өсөлт тогтвортой болох боломж байсан. Харамсалтай нь өнгөрсөн жилийн төсвийн хувьд Их хурал дээр тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулсан учраас энэ хэмжээгээрээ алдагдал нэмэгдэх нөхцөл байдал үүсч байгаа.

-Уг нь үндсэн төсвийг алдагдалгүй батлуулах зорилго тавьсан байсан?

-Тийм. Гэвч ингэж батлаагүй учраас үүн дээр жаахан хүндрэл үүсч байгаа. Гэхдээ цаашлаад 2017, 2018 онд тодорхой хэмжээний өсөлтүүд ажиглагдана. Засгийн газраас барьж байгаа бодлогууд байгаа. Хамгийн гол нь эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байгаа. 2012 онд бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөр уул уурхайтай холбоотой байсан. Үүнээс татгалзах шаардлага байна гэдгийг энэ дөрвөн жилд харлаа. Тиймээс бид эдийн засгаа арай өөр хэлбэрээр сайжруулна. Мэдээж уул уурхай байлгүй яах вэ. Гэхдээ эдийн засгаа солонгоруулаад мал аж ахуй, аялал жуулчлал гээд олон салбараа хөгжүүлэх тал дээр ажиллана. Махаа урагш нь гаргаад эхэллээ. Энэ мэт ажлуудаа хийх юм бол цаашлаад эдийн засаг тогтворжино. Гэхдээ үүн дээр ямар нэгэн улс төр байхгүй. Сонгуулийн үр дүн яаж ч гарсан байсан төсвийнхөө тодотголыг зөв хийгээд, яамдын тоог цөөлөх зэргийг зоригтой хийгээд явах юм бол эдийн засаг тогтворжоод явах бүрэн боломж байгаа.

-Өрийн удирдлагын тухай хуулийг Өглөгийн удирдлагын тухай хууль болгож өөрчлөх хуулийн төсөл орж ирсэн байна. Засгийн газар, Сангийн яам энэ хуулийн төсөл дээр саналаа өгсөн үү?

-Энэ нь улс төр болоод байгаа учраас зарим гишүүд энэ асуудлыг сөхөж тавьж байгаа байх гэж үзэж байгаа. Өнөөдөр өрийн гэж яриад байгаа асуудал улс төржүүлээд байгаа шиг тийм хэмжээнд очоогүй байгаа. Хугацаандаа төлөөгүй зээлийг өр гэж тооцдог. 500 гаруй үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Энэ үйлдвэрүүд үр өгөөжөө өгөөд явдаг зах зээлийн зарчим. Бид энэ зээлийг яаж зөв зарцуулах вэ гэдэг дээр анхаарах ёстой.

-Засгийн газар дөрөвдүгээр сарын 15-нд “Хан ресурс”-д 70 сая ам.доллар төлөх ёстой байсан. Үүнийгээ төлсөн үү?

-“Хан ресурс”-ын хувьд Монгол Улс Арбитрын шүүх дээр ялагдсан. Тэгэхээр Монгол Улсын хуулиар явахгүй. Аль 2009, 2010 онд гарсан Засгийн газрын буруу шийдвэрийн асуудал. Гэхдээ С.Баярын Засгийн газрын үед гарсан буруу шийдвэрийг бид хүлээхгүй гэж хэлж болохгүй. Нэгэнт ялагдсан. Нэхэмжилж байсан дүнг нэлээн буулгаж тохиролцсон. Хоёр талаас хүлээсэн үүрэг байгаа. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-Бизнес эрхлэгчид хийсэн ажлынхаа хөлс мөнгийг төсвөөс авч чадахгүй, дампуурах дээрээ тулж байна гэх юм. Яагаад мөнгийг нь өгөхгүй байгаа юм бэ?

-Он гарснаас хойш ажил үүргийн хувьд 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа компаниудын мөнгийг олгосон. Хөгжлийн банктай холбоотой хэдэн компаниуд байгаа. Түрүү жил төсвийн тодотгол хийхдээ зарим нэг ажлуудыг 2016 он руу шилжүүлсэн. Гэтэл тухайн аж ахуйн нэгжүүд бид 2015 ондоо бүх ажлаа дуусгана гээд төсвийн тодотголоор хасагдаагүй үлдсэн, гэтэл 2015 ондоо ажлаа дуусгаагүй. Тэгэхээр мөнгө нь 2015 оны төсвөөс гараагүй учраас 2016 оны төсөв дээр суугаагүй. Энэ бол тодотголоор шийдэгдэхээс өөр арга байхгүй. Үүнийг Хөгжлийн банкнаас гарах ёстой энэ компаниудын хөлсийг векселиэр санхүүжүүлье гэдэг тогтоолын төслийг УИХ руу оруулж байгаа юм. Үүгээрээ энэ компанийн ажлын хөлсийг барагдуулна гэсэн үг. Гэхдээ зарим нэг компаниуд гүйцэтгэлээ өгөөгүй байж мөнгөө нэхэж байгаа, эсвэл ажил нь хангалтгүй, хүлээлгэж өгөөгүй байж мөнгөө нэхэж байгаа доголдлууд байгаа.

Ж.МАРАЛ