Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-18-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Сайдын айлчлалын нэг том арга хэмжээ нь Япон улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитэй хийх уулзалт байсан юм. Уулзалтаар хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Ур чадварын дадлагажигч бэлтгэх” хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, дадлагажигчийн тоог нэмэх асуудлаар тодорхой саналаа илэрхийлсэн.
Г.Баярсайхан сайд “Японд ажиллах хүч зуучлах үйл ажиллагааны явцад ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ янз бүрийн шалтгаантай зөрчил дутагдалтай бид тулгарч байна. Ялангуяа, манай холбогдох эрх зүйн орчин сул, гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежмент сул байгаатай холбогдсон саад бэрхшээл байна. Түүнчлэн, илгээгч ба хүлээн авагч байгууллагын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт удаашралтай байна. Гэтэл Японд ур чадварын дадлага эзэмших хүсэл эрмэлзэлтэй залуучууд их байдаг. Монгол Улсад 2015 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 82 орны 16727 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь уул уурхай, олборлох үйлдвэр, авто зам, барилгын салбарт ажилладаг. Энэ нь дотоодын ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар дутагдаж байгаатай холбоотой тул эдгээр салбарын боловсон хүчнийг Япон улсад үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлж, ур чадварыг нь дээшлүүлэхэд Хөдөлмөрийн яам, зуучлагч байгууллагууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай яамнаас Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авсан 30 байгууллага бий. Эдгээр байгууллагын шугамаар 2014 онд 261, 2015 онд 336 иргэн ур чадварын дадлагажигчаар явсан. Манай улсад мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчин эрэлттэй байгаа салбаруудад ажиллах дотоодын ажиллах хүчнийг бэлтгэхэд Япон улс манай ойрын түншийн хувьд анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна” хэмээгээд тодорхой саналууд тавьсан.
Тухайлбал, Монгол Улсаас ур чадварын дадлагажигчдын тоог ялангуяа, газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарт нэмэгдүүлэх, Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэх, гэр бүлээр нь явуулах тал дээр анхаарах, түүнчлэн ур чадварын дадлагажигчийн гэрээний хугацаанд ажлын байрандаа тогтвортой ажилласан иргэний ур чадварыг үнэлэн баталгаажуулж ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлэхэд талууд ажиллах зэрэг санал тавьсныг Я.Шиозаки сайд хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийллээ. Хамгийн эхэнд хоёр улсын Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын хооронд ажиллах хүчний гэрээ хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг тун ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор болсон юм.