Дуучин Б.Амархүүгийн эхнэр болсноосоо хойш улам ч өнгө зүс нэмж, олон ээжүүдийн үлгэр дуурайлал болж яваа мисс, загвар өмсөгч О.Ариунзул гоо сайхныхаа нууцаас хуваалцахаар шийджээ. Хөөрхөн хүүгээ төрүүлээд удалгүй урьдын гоё сайхан бие галбираа эргүүлэн олж авсан тэрбээр дур булаам үзэсгэлэнт төрхөөрөө загварын тайзыг дахиж чимж эхэлсэн.
Хөхүүл хүүхэдтэй ихэнх ээжүүдийн “шүдний өвчин” болсон таргалалтаас холуур тойрч, зохимж муутай хэлхгэр хувцаснаас эрс татгалзсан мисс бүсгүйн нууцлаг жорыг олон хүн асуусан ч О.Ариунзул “Зүгээр л өөрт хэрэгтэй амин дэм, дасгал хөдөлгөөнийг зохистой хослуулсан болохоор тэгтлээ айхтар өөрчлөгдөөгүй байх” хэмээн тайлбарлаж суусан.
Тэгвэл өдгөө мисс бүсгүй өөрт нь хандсан, басхүү өөрсдийн гадаад төрхөндөө сэтгэл дундуур суугаа олон ээжид сэтгэлийн дэм өгч, гоо сайхныхаа нууц жороос тусгайлан хүргэхээр зэхсэн гэнэ. Энэхүү сонирхолтой мэдээллээ өөрийн цахим хуудсаар дамжуулан цуврал маягаар бэлтгэн хүргэх бөгөөд төрсний дараа хэрхэн жингээ хасах, хоолны зохистой хэрэглээ болон арьс, үсний арчилгаа зэргээ харамгүй хуваалцана гэсэн шүү.