05.26

Л.Мөнхбаясгалан: Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өчигдөр цахим хуудаснаа өөрийг нь эрүүгийн хэрэгт холбогдуулж, гадаадад гарах эрхгүй болгосон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн баг хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлах нь зүйтэй байх. Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан. Хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар очих гэж байсан.  Тавдугаар сарын 26-ны өдөр очих ёстой байсан. Билетээ 24-ний өдөр авсан. 24-нөөс эхлээд янз янзын хүмүүс ярьж байсан. Чи Монголоос дүрвэж байгаа юм уу гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу гэх зэргээр утасдах болсон. Надад эх орноосоо зугтах шалтгаан байхгүй” гэв. 
Түүнчлэн “Өчигдөр оройны /2016.05.25/ 20:00 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газраас ахмад н.Баасанжав гэдэг хүн дуудсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хилээр гарахыг хориглосон. Байцаалт авна гэсэн. Гэхдээ би байцаалт өгөхгүй гээд гарч ирсэн. Залилангийн хэрэг буюу 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг надад сонсгосон. Яагаад залилан хийчихэв гэхэд 2013 онд МИАТ-тай хийсэн гэрээг гаргаж ирсэн" гэсэн юм