Энэ сонгуулийн бие бие нухчин дарах гол хөзөр нь оффшор хэмээх харь хэлнээс Монголд “нутагшиж” буй хилийн чанадад байршуулсан мөнгөний данс болж байна. С.Баярцогтыг л тойрон эргэлддэг байсан энэхүү оффшор данс сонгуулийн босгон дээр олон улстөрчид хамааралтай болов. Оффшортой хүзүү сээрээрээ холбогдогсдыг нэр дэвшүүлэх эсэх ч асуудал хөндөгдөв. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оффшортнуудтай “дайн” зарлаж эхэлснээ телевизийн хоёр удаагийн ярилцлагад орохдоо мэдэгдэв. Тэрбээр оффшортой нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн ч хоёр хоногийн дараа л хэлснээсээ буцаж эхэллээ. Оффшор данстнуудыг нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь нам дээр нь “гал гаргах” нь гэж болгоомжилсных уу ямартай ч чуулганыг сарын хугацаатай завсарлуулах шийдвэрийг үзэмжээрээ гаргаж орхив. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн амлалт ч хоёр хоногийн настай байсан нь тодорхой болов.
АН-ын даргын наанаа ийнхүү эргэж хулгасан байр суурь илэрхийлээд байгаа ч өнөө маргаашийн асуудлыг бус хоёр нүүдлийн цаадахийг харсан бололтой. Телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр З.Энхболд “Улстөрч хүн өөрөө оффшорт дансгүй ч, оффшорт ах дүү нар нь нэр холбогдсон бол нэрийг нь дэвшүүлэхгүй” гэж хүнд шууд ойлгогдохоор хэлсэн. Тэгвэл АН-ын гол лидер, нийслэлд АН-ыг ялуулах ганц найдвар Э.Бат-Үүлийн төрсөн хүү нь оффшор данстайг хүн болгон шахуу мэддэг болж. “Чөлөөт хэвлэлийн буянаар хүүгээ оффшор данстайг нь мэдлээ” гэх болгоомжгүй үг хэлж явсан хотын эрхэм дарга хүүгээ оффшор дансаараа гүйлгээ хийсэн бол сайн дураараа огцорно гэх ухааны амлалтыг ч өгсөн удаатай. Өөрөөр хэлбэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр зэхэж байгаа Э.Бат-Үүлийг оффшороор дарж авах алсын улстөрийг З.Энхболд одооноос эхлээд хийгээд эхлэв үү гэж харагдахаар байна
АН-ын дарга З.Энхболдын тулгаж буйгаар хүү нь данстай хүн нэр дэвшихгүй байх нь шударга. Хэрвээ Э.Бат-Үүл нэр дэвшихгүй л бол АН хотын сонгуульд далан таваар бууж өгсөнтэй адил. Нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх З.Энхболд дарга зориуд Э.Бат-Үүл рүү оффшороор “довтлох” улс төр хийж байгаа нь алс хэтийг урьдчилан харж, өрсөлдөгчдөө замаасаа “цэвэрлэх” тактик байж мэдэх юм.
Ямартай ч өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар намын даргынхаа оффшортой холбоотой амлалт, үгийг гишүүд нь хэрхэн хүлээж авснаа ил тод “тайлагнах” биз. ҮЗХ-ны хурал болохоос өмнө намын дарга нь ийнхүү ганцаарчилсан тоглолт хийж яаран сандран мэдэгдэл хийх болсон нь ҮЗХ-ны олон гишүүний эгдүүцлийг төрүүлж буй бололтой. Нөгөө талаар жижиг намуудын удирдлага, гишүүдийг өдөр болгон шахуу намдаа элсүүлсэн нэрийдлээр тойрогт дэвшүүлэх амлалт өгч байгаа нь ч тус намын гишүүдэд таалагдахгүй байгаа сурагтай. Өвөр зуураа багталцаж ядан байгаа, нэр дэвших эрхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж ана мана үзэлцэж байгаа АН-ынхан “гаднын” хүмүүст дэвших эрхээ намын даргынхаа хүссэнчлэн шууд бэлэглээд явуулах уу, үгүй юу?
АН-ын батлах өвөртөлсөн шинэхэн гишүүдийн амнаас тэр тэр тойрогт нэр дэвшинэ гэх үг дуулдах боловч тэдэнд ҮЗХ хэмээх том давааг давах найдвар үнэндээ үгүй.
Юутай ч З.Энхболдод оффшорын талаарх амлалт болон гаднын баахан хүнд өгсөн аман гэрээгээ биелүүлж чадах эсэх нь өнөөдөр тодорхой болох нь. Өөрөөр хэлбэл, АН ба З.Энхболд хоёрын аль нь том бэ гэдэгт ҮЗХ-ных нь хурал хариулт өгөх ёстой болж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн