УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-МАН-ын Бага хурлаас харж байхад залуучуудыг нэлээд түлхүү оруулжээ. Мөн удирдах зөвлөлийн нэрсээс гадна танхимаас нэр дэвшигчид тодорсон байна. Таны хувьд энэ удаагийн Бага хурал нээлттэй байж чадав уу?
-УИХ-д манай бүлэг 30 гишүүнтэй болсон. Тэднээс 24-25 орчим нь дахин нэр дэвшлээ. Үлдсэн нь Бага хурлаас сонгогдон орж ирж байна. Манай Бага хурал ер нь ардчиллалтай болдог. Энэ удаа бол залуучуудаа нэлээд дэмжлээ. Шинэ цаг ирж байгаа нь ч эндээс харагдаж байгаа. Одоо бол ажил, амьдрал, насны хувьд ч 1970-1980-аад оныхон улс төрийн халуун тогоо руу орж ирэх цаг, нас нь болсон.
-УИХ-ын дарга чуулганыг түр завсарлуулсан байгаа. Үлдсэн хугацаанд хэлэлцэгдээгүй олон асуудлыг хэр цэгцэлж амжих бол?
-Ирэх сарын 23-29-ний хооронд УИХ-ын чуулганы хуралдаан болохгүй гэж ойлгож байгаа. Өнөөгийн парламентын дийлэнх хэсэг буюу 70-80 хувь нь дахин нэр дэвшиж байгаа болов уу. Тийн тойрогтоо нэр дэвшээд сурталчилгаа хийгээд явж байгаа хүн гэнэт нийслэлд хуралд сууна гээд ирнэ гж байх уу. Сая бол “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр бол хаврын чуулганаар хэлэлцэж батлах хугацаатай асуудлуудыг хойш нь тавьчихлаа. Оффшор данстай холбоотой мэдээллийг МАН руу нэлээд түлхэж, тэд нар оффшорчид гэх утгатай пи-ар явуулах гэсэн нь амжилт ололгүй, өөрсдийнх нь талаас хүчтэйгээр гарч ирж, савалгаа үүсгэсэн нь чуулганыг хаах шалтгаан боллоо гэж харж байна. Түүнээс биш уг нь их сүржин эхэлсэн л дээ тэрхүү асуудал. Жишээ нь оффшортой холбоотой хуулийн төсөл санаачлан оруулж ирээд л, түүнийгээ хэлэлцэнэ гэх маягаар сүрхий явж байсан. Бид ч түүнийг нь дэмжсэн. Харамсалтай нь гацаачихлаа.
-Энэ удаагийн парламентын отгон чуулган гацаанд орчихлоо. Таны хувьд гал тогоонд нь байсны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Би дангаараа дүгнээд олон түмэнд үгээ хэлнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт л юм даа. Яагаад гэвэл хэдхэн хоногийн дараа улстөрчдийн хувьд хүссэн, хүсээгүй дүнгээ тавиулна шүү дээ. Гэхдээ тогоонд нь байсан хүний хувьд гэж асуусан болохоор хэлэх нь зайлшгүй. Өнгөрч буй дөрвөн жилийн парламент нэлээд донсолгоотой байлаа. Хууль гадуур гажуудал ихтэй байсан. Ардчилсан намын дотоод зөрчлөөс болоод төр түүнийг нь дагаж донсолсон.
АН энэ хугацаанд ардчилсан гэж хэлэхээргүй байдалтайгаар өнгөрөөсөн. Бүх зүйлийг хүч түрж, өөрсдийн дураар шийдэх, хууль зөрчих асуудал газар авсан зэргээс илтэд харагдана даа. Тодруулж хэлбэл, энэ парламент АН-ын дотоод зөрчлийн баромер байлаа. Цаашдаа, сонгуулийн дараа орж ирэх АН-ынхан эв нэгдлээ сайн хангаж орж ирээсэй. Тэгэхгүй бол эв нэгдэлгүй байдал нь төрийн ажил садаа болдог гэдгийг сая олон нийт өөрсдийн биеэр мэдэрч харлаа шүү дээ. Дараа дараагийн гарч ирэх намууд ч гэсэн гаргасан алдаагаа давтахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.
-Та өөрөө ялж, ялагдаж ирлээ гэдгээ хэлсэн. Тэгэхээр сөрөг хүчний байр суурьнаас ажиллах ер нь хэр байв?
-Хоёр удаагийн парламентад суулаа. Энэ удаагийн донсолгоо ихтэй УИХ-ын хувьд цаашид төр авч явахад нэлээд сургамж болохоор дөрвөн жилийг үдэж байна. Манай намын бүлэг ямар ч тохиолдолд хуулийн хүрээнд ажиллахыг эрхэмлэдэг. Хуулиас гажсан зүйл хийхийг зорьдоггүй. Зарим залуу гишүүд “парламентад орж төр барина гэдэг чинь хуульгүй тоглохыг хэлдэг юм биш үү” гэж байна л даа. Үүнийг буруутгахад тун хэцүү. Яагаад гэвэл дэргэд нь шууд л хичээл зааж байна шүү дээ, энэ УИХ. Дараагийн удаа ингэж хүч түрсэн байдлаар ажиллахгүй юмсан гэсэн бодолтой байгаа.
-Монгол Улсын эдийн засаг нэг үе босохооргүйгээр тэнхээ алдсан гэх болсон. Цаашид арай гэгээтэй харагдах боломж ер нь хэр байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг ярихгүй өнгөрч болохгүй.Бүр сүүлдээ муу амладаг, шүүмжлэгч гэх нэр зүүдэг боллоо. Бид олон нийтэд бодит байдлыг хэлэх үүрэгтэй. Ард иргэдийн амьдралд тусч байгаа эдийн засгийн тусгал амаргүй байгааг хаа хаанаа хэлэх болсон. Тиймээс Монголын эдийн зас¬гийг чирж явдаг хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн байдлыг мэдэрч, тооцоо судалгаа хийж ажиллах шаардлага тулгараад байна.
-Инфляц бага хувьтай байгаа нь нь эдийн засагт эерэг үр дүн гарахын эхлэл гэдэг. Монголбанк болон Бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлдэг шүү дээ.
-Инфляц гэж амьжиргааны түвшинг илэрхийлэх хоёр өөр ойлголт яваа. Миний хувьд эсрэгээрээ хэт үнэгүйдэл буюу дефляц явагдаж байна. Зах зээлд хэт үнэгүйдэл явагдахаар инфляц бага түвшинд байх нь ойлгомжтой. Үнэ өслөө гээд худалдан авах чадамж эдийн засагт алга. Баянхонгор, Баян-Өлгий аймагт үнийн дефляц явагдаж байна гээд яриад байна шүү дээ. Гадаад худалдааны тарифт зохицуулалт хийх Дэмпингийн тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг хуулийнхаа дагуу явж чадахгүйд хүрсэн.
-Таны зүгээс худалдаа байхгүй учраас инфляц бага гарах болсон гэж үзэж байгаа юм байна. Харин эсрэгээр нь тайлбарлах хүмүүс бий. Тухайлбал, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Дотоодын үйлдвэрлэл өргөжсөн”, “Татварын зохицуулалт” гэх мэтээр тайлбарлаж байна.
-Худалдаа байхгүй болчихлоо гэдгийг хаана ч очсон хэлнэ. Бүтэн талх худалдан авах чадваргүй болсон эдийн засагт инфляц яаж өсөх юм. Тиймээс дефляц нүүрлэчихээд байна.
-Зарим эдийн засагч ДНБ-ий өсөлт эерэг гарсныг сонгуулийн жилийн онцлог гэж тодотгожээ. Эерэг үзүүлэлт урт наслахгүй гэж байгаа. Та улстөрчийн хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Сонгуулиар мөнгө гардаг нь үнэн. Нэр дэвшигчдийн зардлаас авахуулаад тодорхой хэмжээний мөнгө эдийн засагт орно. Мөнгө хөрөнгөтэй нэг нь ард түмний саналыг худалдаж авахад багагүй мөнгө цацна. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ сонгууль жил үргэлжлэхгүй. Эдийн засаг ганц сарын хугацаанд цусны эргэлт нь сэргэх болов уу. Энэ нь богино хугацаанд эерэг үзүүлэлт авчирна гэж харж байна.
-Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Аль ч улс төрийн хүчин ялалт байгуулсан эдийн засгийг өргөс авах мэт сэргээж чадахгүй. Сонгуулийн дараа хэрхэх бол?
-Цаашдаа улам хүндэрнэ. Эрх баригчид ч тэр, бид ч адил. Бүгд маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулна гэдгийг мэдэж байгаа. Төсвийн алдагдал 700 орчим тэрбум төгрөгт хүрлээ. Үүн дотор зарлага 700 тэрбум, орлого 200 гаруй тэрбумаар тасарсан.
Дээр нь дотооддоо бонд гаргаж чадахгүй, гадаадаас хэтэрхий өндөр хүүтэй мөнгө босгож байна. Хамгийн сүүлд 11 хувийн хүүтэй, хагас тэрбум ам.доллар, долоон хувийн хүүтэй 250 сая ам.долларын бонд олон улсын зах зээлээс босгосон. Гэтэл зах зээлийн бус зарчмаар бага хүүтэй зээл олгохыг банкуудад тулгалаа. Банкны системийн чанаргүй зээл үлэмж хэмжээгээр өссөн шүү дээ. Ингэхээр эдийн засгийн хууль, дүрэм журам, зарчим үндсэндээ алдагдлаа.
-Ta төсөв мөнгөний бодлого “Энэ байдлаараа явдал байдал улам дордоно” гэлээ. Энэ хямралын сүүлийг хэр урт гэж харж байгаа вэ?
-Бондын төлбөр ирэх оноос эхэлнэ. Тодруулбал, ирэх жилийн арванхоёрдугаар сард 580 сая ам.доллар, 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.доллар төлнө.
Нийтдээ нэг тэрбум ам.доллар буюу хоёр их наяд төгрөг төлнө гэсэн үг. Мөн зээлийн хүүнд нэг их наяд орчим төгрөг төлж байгаа. Улмаар ирэх хоёр жилд 2-3 их наяд төгрөг төлөх тооцоо гарч байна. Гэтэл улсын жилийн төсөв 6-7 их наяд төгрөг шүү дээ. Ингэхээр төсвийнхөө 50-60 хувийг зээлийн үндсэн төлбөр болон хүүнд зарцуулах амаргүй давааг улсаараа давах нь ойлгомжтой. Дээр нь төр хувийн хэвшлийн бизнестэй хутгалддаг явдлаа зогсоож чадахгүй бол 2020 он хүртэл энэ байдалтайгаа зууралдана. Судалгаа шинжилгээнд үндэслэсэн оновчтой зөв бодлого явуулсан тохиолдолд үүнээс өмнө илааршуулж чадна. Ерөнхийдөө нэг сонгуулийн цикль буюу ирэх дөрвөн жилийг сайхнаар харахгүй л байна. Мэдээж, “Оюутолгой”, “Тавантолгой” гэх мэтийн том төсөлд эерэг өөрчлөлт гарвал байдал сайнаар эргэх боломжтой.
-Сөрөг хүчин өрийн асуудалд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Өр зээлийн хэмжээг олон талын эх сурвалжууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Монгол Улс, тэр дундаа Засгийн газар яг хэдий хэмжээний өртэй юм бэ?
-Нийт өрийн хэмжээ 22 их наяд төгрөгт хүрсэн. Засгийн газрынх 7-8 тэрбум ам.доллар байгаа. Энэ хэмжээний өрийг барагдуулна гэдэг амаргүй ажил болно. Манай улсын эдийн засаг ямар хэмжээтэй билээ. Үүнийг Япон, АНУ зэрэг дэлхийд тэргүүлэх эдийн засагтай, өндөр хөгжсөн орнуудтай зүйрлэж яриад байх юм. Монголын эдийн засаг Японы 17 цагийн эдийн засагтай тэнцэж байгаа гэх тооцоо бий. Ийм байж өөрсдийнхөө өрийг тэдэнтэй харьцуулж байгаа нь ард түмнийг төөрөгдүүлэх арга.
-Таны хувьд парламентын туршлагатай гишүүдийн нэг. Саяхан шахам сонгуулийн тухай хуульд гар хүрсэн нь хэр оновчтой үйлдэл болсон бэ?
-Мэдээж сар гаруйхны өмнө ингэж гар хүрсэн нь зармын хувьд ёс зүйгүй л үйлдэл. Миний хувьд УИХ-ын сонгуульд ялж, ялагдаж үзсэн хүн. Гэхдээ ямар ч тохиолдолд тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Энэ удаагийн өөрчлөлт бол шинээр улс төрд хүч үзэх гэж буй, өөрийгөө бэлтгэсэн шинэ нэр дэвшигчдэд маш халтай. Өнөөдөр АН-ынхан эрх барьж байгаа.
Гэхдээ агуулгын хувьд аваад үзвэл цаашдаа эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль Сонгуулийн хуулиа өөрчилдөг буруу жишиг тогтчих вий гэх болгоомжлол бий болголоо.
Эх сурвалж:Өглөөний сонин