06.03

Нара: Эрүүл нийгмийг хамтдаа байгуулна гэсэн итгэл үнэмшлээр олон залуус надтай хамт зүтгэж байна

Э.Цэрэн “С.Эрдэнийн тойрог”-т нэр дэвшиж байгаа дуучин М.Нарантуяад хандаж, асуулт тавьсан байна. Харин түүний асуултад нэр дэвшигч М.Нарантуяагийн хариулсан хариулт олон нийтээс дэмжлэг аваад байгаа аж. Тэрбээр цахим хуудаснаа “Улстөрчдийн хийж буй пи-ар алхмуудыг би анзаараад л байна. Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшсэн нь олны анхаарал татаж бас ч үгүй ганц бие олон бүсгүй дэмжиж байгаа гэлцэх. УИХ-д биe даан нэр дэвших хүмүүс 100-500 сая төгрөгтэй байж гэмээнэ өрсөлдөхөөр байна. Харин Нарагийн хийж буй пи-арыг нь хараад, олон майхан тавьсан байдал зэргийг ажиглахад хэн ард нь санхүүжүүлээд байна гэх асуулт өөрийн эрхгүй төрөх. Тодорхой ажил тогтмол орлогогүй байсан хүн гэж ойлгосон. Эсвэл би эндүүрч байна уу? Эрдэнэ, Одонтуяа нарын саналыг хуваахаар сөрөг нам нь тавьсан болов уу ч гэж хардах. Нарагаас санхүүжилтийн асуултыг асуучихвал яадаг бол?” гэсэн бол үүний хариуд нэр дэвшигч М.Нарантуяа "Цагаа олсон мөн миний тайлбарлахыг хүсч байсан асуудлыг хөндөж тавьсан Э.Цэрэн эгчид баярлалаа. Таны энэхүү асуултыг бас олон ч хүн асууж эргэлзэж, мэдэхийг хүсч байгаа болов уу. Мөнгөгүй, нэр хүнд рүүгээ ихээр халдуулдаг, дэмжлэггүй боловч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй их эмэгтэй хүн иргэнийхээ эрхээ хаа хүртэл эдэлж, хаана очиж зогсохыг олон хүн ажиглаж байгаа болов уу. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд 80.0 мянган төгрөгөөр хоёр өдрийн турш, дөрвөн асрыг түрээсэлсэн.
Энэ зардал болон, богино зайнд эргэлт хийх шатахууны зардал болон багийнхний хоол ундны зардал нийт 1,500,000 төгрөг зарцуулагдсан.Хамгийн гол нь багт ажилласан хүмүүс бүгд сайн дурын хүмүүс байсан бөгөөд аав ээж ах дүү хамаатан садан бүр худ ургууд хүртэл тусалснаас гадна сэтгэлээрээ дэмжиж олон оюутан залуус уг үйл ажиллагаанд ажилласан юм аа. Надтай хамт салбартаа мэргэшсэн манлайлагч залуучууд хамтран ажиллаж байгаа бөгөөд бүгд залуу, мөнгөгүй ч хамгийн гол нь чин зүрхнээсээ нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг улс төрийн тавцанд гаргаж ирж улс төрд эрүүл бөгөөд шинэ хандлага жишиг тогтоохыг зорьж байгаа юм. Эрүүл нийгмийг хамтдаа байгуулна гэсэн итгэл үнэмшлээр олон залуус надтай хамт зүтгэж байгааг хэлэхэд таатай байна. Бидний эх оронд бүх зүйл мөнгөөр хэмжигдэхдээ тулаагүй, хүний хүч чадлын үнэ цэн зоосонд бууж өгөөгүй хэвээр гэдгийг мэдрэх хэчнээн сайхан... Та бүгдэдээ хандаж хэлэхэд Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга мөнгө бага зарж олонд хүрэх боломжийг олгож чадсан мөн сонгуульд өрсөлдөх нь их мөнгөтэй хүний оролдож үздэг спорт байхаа больсныг хэлэхэд таатай байна...
Урт тайлбараа үүгээр өндөрлөе.
Эцэст нь хэлэхэд зарим хүмүүсийн далай мэт цацаад байдаг мөнгө бол тэдний хувийн биш харин таны миний та бидний хөдөлмөрийн хөлс байдаг гэдгийг бодоход илүүдэхгүй болов уу” хэмээн хариулсан байна.