Ерөнхий сайд НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд даруй олгох үүрэг өгсөн ч энэ ажил зогсонги байна. Тодруулбал, 2016 оны буцаан олголтын 20 хувьд ногдох мөнгийг дөрөвдүгээр сард багтааж иргэдэд олгохыг Гааль, татварын ерөнхий газарт үүрэгдсэн юм. Гэвч Ерөнхий сайдын үүрэг хоёр сарын турш хэрэгжихгүй сунжирч байгаа нь төсөвт эх үүсвэрийг нь шийдээгүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголтын тухайд Ерөнхий сайд УИХ-ын нэгэнт баталсан хуулиас давсан үүрэг өгч, шийдвэр гаргасан хэрэг. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэхэд холбогдох газрынхны тооцоогоор НӨАТ-ын буцаан олголтод 5.8 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг шийдүүлэхийн тулд улсын төсөвт тодотгол хийлгэх санал өргөн барьсан ч чуулган завсарлачихсан. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг биелэгдэхгүй болчхоод байгаа аж.