МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
- МАН өнгөрсөн дөрвөн жилд УИХ болон Нийслэлд цөөнх байлаа. Олонхийн байр сууриас асуудалд хандаж явсан хүчний хувьд цөөнх байх хэцүү байв уу гэсэн асуултаас ярилцлагаа эхлэе?
- УИХ-ын болон орон нутгийн 2012 оны сонгуулийн үр дүнд МАН цөөн хэдэн аймаг, дүүрэгт засаглаж байгааг эс тооцвол сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллалаа. УИХ, нийслэл, орон нутагт сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байгаа. Сөрөг хүчин сайн, муу ажиллах нь эрх барьж байгаа хүчнээс шууд хамааралтай юм билээ. Гэхдээ бид сөрөг хүчин гээд бүх зүйлийг сөрж, гацааж, эсэргүүцэж, зогсоохыг урьтал болгосонгүй. Улс эрх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө эрх баригчдыг дэмжиж, үйл ажиллагаанд нь зөв үнэлэлт, дүгнэлт өгч гарч буй алдаа дутагдалдаа засах залруулах боломжийг олгож ажиллалаа. Хүмүүс мэдэж байгаа 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олон намын төлөөлөлтэй, АН анх удаа олонхи болж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, нийслэлд засаглах боломжоо бүрдүүлсэн бол МАН анх удаа цөөнх болж сөрөг хүчний байр суурин дээр ажилласан. Нам эвслийн бүлгийн оролцоо идэвхжсэн, хуралдааныг сар бүр хуралдуулж, UBS телевизээр сар бүр шууд дамжуулж, хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгосон юм. НИТХ дахь олонхийн буюу АН-ын бүлэг асуудалд хүч түрсэн байдлаар, олонхийн кнопоор асуудал шийдэж ирсэнийг нийслэлийн иргэд чихээр сонсч, нүдээр үзсэн тул илүүц тайлбар хэрэггүй бизээ.
-Цөөнх буюу сөрөг хүчний хувьд олон тооны улс төрийн акц хийсэнийг санаж байна. Утаа, хальтиргаа гулгаатай холбоотой асуудал, НИТХ-ын төлөөлөгчдийн давхар дээлний асуудал, Засаг даргын 6 орлогчийг цөөлөх, Нэмэгдсэн орон тоог хасч хотын чадварлаг цомхон бүтцийг бүрдүүлэх гэх мэтчилэн дурьдаад байвал олон арга хэмжээг дурьдаж болохоор байна. Үр дүнд хүрсэн үү. Эсвэл нөгөө л хүч түрсэн, олонхиор түрүү барьсан байдалд цөөнхийн “тэмцэл” нам дарагдсан уу?
-Ардчилсан намын 26 төлөөлөгчийн 24 нь Засаг даргын үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий агентлаг, газар, нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг. Давхар дээлтэй.Шударга ёс эвсэл нийслэлийн иргэдийн Хуралд дөрвөн төлөөлөгчтэй, гурван төлөөлөгч нь давхар алба хашиж байна.Ийм нөхцөлд эдгээр төлөөлөгчийг амьгүй албаттай зүйрлэхээс өөр аргагүй. Засаг даргын хэлсэн ярьсан бүгдийг дэмжих үүрэгтэй.Удирдлагаасаа шууд хамааралтай төлөөлөгчид нийслэлийн иргэдийн эрх ашиг гэхээсээ илүү намын удирдлагын эрх ашигт захирагдана.Засаг даргад хурлаас тавих хяналтгүй болж ёстой дуртай дуугаа захиалж, дуртай хөгжмөө сонсдог болсон.Ардчилсан нам өөрсдийгөө дотоод ардчилалтай гэдэг ч Э.Бат-Үүлийн өөдөөс үг хэлэх зүрхтэй нэг ч хүн байхгүй байгаа нь харамсалтай.
- Хотын хурлын байгууллага тэр дундаа төлөөлөгчийн үндсэн эрх үүргийг илүү тодорхой болгох шаардлага бий гэж та үздэг үү. Учир нь иргэд, олон нийт УИХ-руу чих тавьж суутал, нийслэлчүүдийн өдөр тутмын ахуй амьдралтай шууд холбоотой цэцэрлэг сургууль, нийтийн тээвэр, өмч хувьчлал, автомашин ачих түгжих, замын засвар шинэчлэл, дугаарын хязгаарлалт зэрэг олон асуудал Иргэдийн хурлаар шийдэгдэж байдаг?
- НИТХ, хурлын төлөөлөгчийн үндсэн чиг үүргийг тодорхой болгох зайлшгүй шаардлага бий. НИТХ нь байнгын ажиллагаатай байх ёстой. Нэг сая 300 орчим мянган хүн амтай Улаанбаатар хоттой холбоотой асуудлыг цаг алдалгүй өдөр тутам шийдэж байхыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд зааснаар Иргэдийн хурлын төлөөлөгч бол сонгуульт ажил. Гэтэл жилд нэг, хоёрхон удаа хуралдаад төсөв батлах, Засаг даргыг томилох төдийгөөр үйл ажиллагаа нь хэмжигдэж болохгүй. Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг Засаг дарга өөрийнхөө дэргэдэх зөвлөлөөр шийдвэрлэж байгаа нь ч оновчтой биш. Нэг сая 300 мянган хүн амтай нийслэлийн чухал асуудлуудыг 11 тэргүүлэгч сард нэг удаа хуралдаж шийдвэрлэнэ гэдэг ч мөн адил өрөөсгөл юм.
- Хуулинд өөрчлөлт оруулах замаар энэ гажуудлыг засах уу. НИТХ, Төлөөлөгчийн бүрэн эрх, үүргийн хэрхэн тодорхой болгох боломж бий юу?
- Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гэмээнэ асуудал тодорхой болно. Жишээ нь сумын иргэдийн хурал 15 гишүүнтэй авч байнга хуралддаг нь 5-7 гишүүн байвал зохистой. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүн амаасаа хамаарч 41 хүртэл төлөөлөгчтэй. Эдний 25 нь байнга хуралддаг байхад л хангалттай. Тэгвэл нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй.Энэ тоог хүн амтайгаа харьцуулахад нэг төлөөлөгчид ногдох хүн амыг хөдөө, орон нутагтай харьцуулахад хангалтгүй байгаа биз дээ. Ардчилсан нам, Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл 2012 оны сонгуулийн үеэр байнгын ажиллагаатай Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бий болгохоор амлаж гарч ирсэн. Энэ амлалтынхаа хүрээнд ИТХ-ыг сар болгоны сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг болгож хурлын дэгд өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь бид тэгж хуралдаж чадахгүй байна.Жишээ нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хурлын дэгээ зөрчсөөр байна. Эхний нэг, хоёрдугаар сард огт хуралдаагүй, гуравдугаар сард хальт хуралдсан бол дөрөвдүгээр сард хуралдах эсэх нь шийдэгдээгүй л байна. Энэ бүхэн нь хуулиар зохицуулагдаагүй учраас хуралдах асуудал сайн дурынх болсон байна.
-Та хамгийн сүүлд тойргийнхонтойгоо хэдийд уулзав. Нийслэл дэхь сөрөг хүчний төлөөлөлд иргэд, төлөөллийн байгууллага, салбар холбоод хүч хүрэхгүй асуудлаа шийдвэрлүүлэх, нийслэлийн түвшин дэхь удирдлагын багт асуудлаа “хүргүүлэх”-ээр ханддаг юм билээ. Нийслэлийн иргэдийн проблем чухам юунд байна вэ?
- Эрх баригч хүчний үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй цөөнхийн бүлгийг удирдаж байгаа хүний хувьд тойрог дүүргээр хязгаарлахгүй бусад дүүргийн иргэдтэй байнга уулзаж, уулзалт хийдэг. Иргэдийн амьдрал хүнд байна.Дэлгүүрт орж худалдаа хийхэд төгрөгийн ханш хэр унаж, мөнгө цаас болсоныг харж болно.Иргэд ажилтай орлоготой болохыг хүсч байна. Өнөөдөр 3 сарын настай цэцэг чухал юм уу иргэдээ ажилтай, орлоготой болгох нь чухал уу гэдгийг Засаг дарга бодож үзэх л хэрэгтэй..
-Хотын хөгжлийг өндөр байшин, шинэ гарц уулзвараар хэмждэг бол хотын хөгжил шинэ түвшинд гарлаа. Гэтэл иргэд бидний амьдрал, эрх зүйн байдал өдрөөс өдөрт дордоод байгааг юутай холбож ойлгох вэ?
- Хотын хөгжил яг ямар түвшинд явааг бид бодитоор дүгнэх ёстой. Улаанбаатар хотыг төв цэгээс нь радиусаар тойрог татах юм бол үндсэндээ 30 км радиус дотор Улаанбаатар хотын төв оршино. Хотын төв цэгээс гурван км дотор л хот хөгжөөд байгаа юм шиг харагдаад байна. Хотын төвийн гурван километрээс гадна амьдарч байгаа ард иргэд, тэдний амьдарч байгаа орчинд ямар том өөрчлөлт, ямар том бүтээн байгуулт, ямар том хөгжил бий болов? Энэ бол хотын удирдлагуудад зайлшгүй хаяглагдах ёстой асуулт.Эрх баригчид өрөөлийн хийсэн ажлыг өөрийн болгоод сурталчилах чадвартай хүмүүс. Зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүн гарч ирээд дөрвөн жилийн хугацаанд хот хөгжчихөөгүй юм аа.Энэ хот чинь 375 жилийн түүхтэй.Эсгий гэрээс Азийн цагаан дагина болтлоо хөгжсөн юм.Хотын хөгжил өндөр байшингаараа тодорхойлогдохоосоо илүү хүний хөгжлөөр тодорхойлогдох учиртай.Эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл эрхлэх, ажлын байраар хангагдах боломж хот өдрөөс өдөрт буусан үзүүлэлттэй байна.Сайхан зам, барилга харахад хөгжөөд байгаа юм шиг харагдаж байгаа ч хотын иргэн хүний хөгжил, амьдралын чанар, сэтгэл ханамж дордоод байгааг бодитоор харах ёстой.
-Нийслэлийн Иргэдийн хурал дахь сөрөг хүчин Хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн 410 тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулсан асуудлаар огцруулах санал өргөн барьсан. Хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад ч бичиг өгсөн. Харамсалтай нь тодорхой үр дүнд хүрч, Засаг даргын эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлж чадалгүй сонгуультай залгаж байна.Сөрөг хүчнээс хийх дараагийн улс төрийн алхам юу байх талаар сонирхмоор байна?
-Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг хангуулахад улс, нийслэлийн төсөв, Засгийн газраас хэрэгжүүлсэн Чингис , Самуурай бонд, Хөгжлийн банкны зээл зэрэг гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан. Энэ нь өмнөх үеийн Засаг дарга нарын хөрөнгө оруулалтаас 3 дахин их байгаа юм. НИТХ-ын ээлжит 32-р хуралдаанд манай бүлэг Засаг даргын 3 жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг “бүрэн хангалттай гэж үзэх үндэслэлгүй” байна гэж дүгнэсэн. 410 тэрбум төгрөгийг ногоон уут, нэг наст цэцэг, Даншиг наадам, рейлбус, данхар бүтэц, давхар орон тоо, өрөө тасалгаа, унаа шатахуун, тавилга хэрэгсэл зэрэгт үр ашиггүй зарцуулж, хууль зөрчсөн тул Засаг даргыг огцруулах асуудлыг Хурлын даргад өргөн барьсан. Хурлын дарга Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо гуравны нэгд хүрээгүй тул хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн юм.Манай бүлэг хурлын даргын энэ эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хурлын даргад даалгасан.Э.Бат-Үүл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн цагдаад гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүний гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан.
-Нийслэлийн Засаг даргад сөрөг хүчний зүгээс хариуцлага тооцуулж чадах эсэх нь эргэлзээтэй байна.Хотын дарга хүүдээ тендер олгосон, Авилгын хууль ашиг сонирхлын хууль зөрчсөн асуудал ч газар авахааргүй болсон уу?
- Хотын дарга ёс зүйгээ барих ёстой.Италийн нэгэн томоохон хотын захирагч нь төсвийн мөнгөөр өдрийн хоол идсэнийхээ төлөө албан тушаалаасаа огцорсоныг та бид мэдэж байгаа. Энэ бол хотын захирагчийн, улс төрч хүний ёс зүй! Хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, хууль зөрчсөн Засаг дарга огцорчих хэрэгтэй шүү дээ. Э.Бат-Үүл даргын хүүхэд компани байгуулаад барилга барьж болохгүй гэж бид яриагүй. Хүүгийнхээ компанид Засаг дарга давуу эрх олгож болохгүй. Хувийнхаа эрх ашгийг төрийн ажилтай холбож болохгүй. Э.Бат-Үүл 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Б.Чулуудайнхаа нэр дээр байдаг “Гранд Лайн” гэх компанийг нуун дарагдуулсаар ирсэн. Хуулиараа хотын дарга хүүгийнхээ эзэмшлийн нэр дээр байгаа компаниудыг үйл ажиллагааны чиглэлтэй нь мэдүүлэх тодорхой заалттай.Үүнийг хэрэгжүүлээгүй албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гээд хуульд заачихсан байдаг.Хууль зайлшгүй хэрэгжих ёстой. Э.Бат-Үүлд үйлчилдэггүй хууль Д.Амарбаясгалан гэдэг иргэнд үйлчилдэг байж болохгүй.
-Хотын дарга Э.Бат-Үүлийг өмнөх хотын дарга нартай харьцуулашгүй том төсөв захиран зарцуулсан талаарх тун сонирхолтой тоон мэдээлэл интернэт орчинд тарсаныг сонирхож харсан. Том зөрүүтэй тоо харагдана лээ.Зарцуулсан мөнгөн дүнтэйгээ харьцуулахад хийсэн хөрөнгө оруулалтын ажлыг хурал дахь сөрөг хүчин хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Улс, нийслэлийн төсөв, Засгийн газраас хэрэгжүүлсэн Чингис, Самуурай бонд, Хөгжлийн банкны зээл зэрэг 3 их наяд төгрөгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил нь илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй, бодитой байх ёстой гэж бид үздэг. Хятадаас оруулж ирж тараасан ногоон уутыг хотын иргэд шаардлагагүй гэж үзсэн.Өндөр үнэтэй Рейлбус нь зардлаа нөхөж чадахгүй сул зогсож, олон угсраа автобус үйлчилгээнд явах тоо нь улам цөөрснийг иргэд анзаарч л байгаа байх.Гэр хорооллын дахин төлөвлөлтөд асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн хэрнээ ажил бүрэн хэрэгжсэн нэг ч байршил алга.Анх иргэдийн хашаанд дэд бүтцийг нь татна, амины орон сууцны хороолол барина гэсэн, өнөөдрийн байдлаар нэг хороолол баригдсангүй. Засаг даргын амлалт хаачив??? гэж асуухаас өөр гарц бидэнд үлдсэнгүй. Урьд нь дуулдаж байгаагүй төсөв, зээл, бондын яг хичнээн нь хотын иргэдэд “хөрөнгө” болж үлдсэнийг иргэд тунгаах байх. Ардчилсан нам утаатай тэмцээгүй. Энэ ажлыг зогсоосон.Утаанаас үүдсэн хор хохиролыг мөнгөөр хэмжих аргагүй. Эхийн эндэгдэл ургын гажиг, уушигны өвчлөл нэмэгдсэн.Эмнэлгүүд ачааллаа даахаа больсон. Хөрсний бохирдол, агаарын бохирдлоос үүдээд улаанбурхан болон арьс харшлын өвчлөл, вирусын гаралтай бусад эмгэгүүд өмнөх онуудтай харьцуулахад олон хувиар нэмэгдэж, хүүхдээ тэвэрсэн хүмүүс эмнэлгийн коридорт зулж байна. Энэ бүхний хариуцлагыг утаа болон хөрсний бохирдолтой тэмцээгүй, цэвэрлэх байгууламжаа янзлаагүй, улирлын настай, эдийн засгийн эргэлтэнд орохгүй ажлуудад бүх мөнгөө зарцуулсан хотын удирдлагуудаас л нэхэх ёстой.
- Намын нарийн бичгийн даргын хувьд танай нам УИХ, Нийслэл, орон нутагт сөрөг хүчний үүргээ хэр гүйцэтгэсэн гэж та бодож байна вэ.Зарим улс төрийн хүчнээс танай намыг “сөрөг хүчин байж сураагүй, сул байна” гэж шүүмжилдэг ч сүүлийн үед парламент дахь сөрөг хүчинтэй эвлэрч харин ч хийж буй улстөрийн акциудыг тань дэмжих болж?
- Сөрөг хүчин үүргээ хэр сайн биелүүлсэн бэ гэдэгт ард түмэн дүнгээ тавих цаг ойртсон. УИХ, Нийслэл, Орон нутагт МАН сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн гэж би үзэж байгаа.
-МАН АН шиг олон фракцын бодлого барьдаггүй нь намын лидерүүдийн “гар чанга” байгаагийнх уу. Үгүй гэвэл таньд нэрлэх өөр шалтгаан байна уу?
-Манай нам фракцгүй нам. Нам дотор фракцтай болцгооё фракцтай байх нь зөв гэсэн санал гардаг.Фракцтай намын зовлон Ардчилсан намд бодитоор харагддаг.Ардчилсан нам энэ удаагийнхтай нийлээд хоёр дахь удаагаа төрийг эрхийг барьж байна.Юу хийснийг нь Монгол хүн нэг бүр нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байгаа байх.Төрийн эрхийг барих бүртээ сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, зөвхөн хувийн эрх ашиг, фракцийн эрх ашигт хөтлөгдөж төрийг бүх шатанд нь хямраадаг түүх дахин давтагдлаа. Ард түмний нийтлэг эрх ашиг, Нийслэлийн иргэдийн эрхийг уландаа гишгэж, фракцын сонирхол, хувийн эрх ашигтаа автсан “ноёд” хэрхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгаж байгааг ард түмэн харж байна. Фракц, бүлэглэлийн эрх ашиг улсын эрх ашиг, ард түмний эрх ашгийн дээр тавигдах ямар их хор уршигтайг Монголчууд биеэрээ мэдэрч байна.Үүнд элдэв тайлбар ч хэрэггүй биз.
-Танай үе буюу 80-аад оныхны топ сонголт бол АН. Нууц биш бол улс төрийн сонголтоо хэрхэн хийсэн тань сонирхолтой байна л даа ?
- Би 19-тэйдөө намд элссэн. 2008 онд НИТХ-д сонгогдож 27 настай хамгийн залуу төлөөлөгч болж байлаа. 28-тайдаа МАН-д хамгийн залуу газрын даргаар ажиллаж эхэлсэн. Энэ бүхэнд найз нөхөд хамтран ажилладаг хүмүүсийн маань дэмжлэг туслалцаа мэдээж маш их байсан.Эдгээр хүмүүсийнхээ итгэл, сэтгэлийг алдахгүй юмсан гэж хичээдэг.Надад итгэж газрын даргаар, нарийн бичгийн даргаар сонгоод ажиллуулж байгаа энэ итгэлийг зүтгэлээр хариулахын тулд зүтгэж, хичээж явдаг.
- Хол явсан хүнээс үг сонс гэдэг. Америкт суралцаж, номын дуу сонссон.Том гүрэн, том хотын бодлого, төлөвлөлт зэрэг сонгуульт ажилтайгаа холбоотой олон зүйлийг харж сонирхож, уншиж судалсан байх гэж бодож байна?
-Тогооноосоо гараад, холоос харахад хаана алдаж, хаана онож, юуг орхигдуулж вэ гэдгээ анзаардаг, мэдэрдэг юм байна. Нийслэл хотынхоо хөгжил, улс орныхоо ирээдүйд огт эргэлзэхгүй байгаа ч бид маш их зүйл хийх, зөв удирдлагын багийг сонгож, зөв төлөвлөх, зөв менежмент хийх зайлшгүй шаардлагатай.Хотыг улс төржүүлж болохгүй. Хөгжлийн бодлогыг нь улс төрчид тодорхойлж, мэргэжлийн мэргэшсэн баг хэрэгжүүлэх ёстой. Ярилцсанд баярлалаа.
М.Тулга