Монголбанк, Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбооны Сургалт судалгааны төвтэй (The SEACEN Centre) хамтран 2016 оны 06 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Манлайллын дунд шатны 10 дахь удаагийн семинарыг “Төв банкин дахь манлайлал” сэдвийн дор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.
Семинарын гол зорилго нь чадварлаг удирдагч болохын тулд өөрийн үнэ цэнэ, зорилгын чиглэлээ хэрхэн зохицуулах, сэтгэл хөдлөлийг зүй зохистойгоор удирдах, хамт олноо урамшуулан, хөгжүүлэх замаар ажлын үр дүнг нэмэгдүүлэх зэрэг манлайлагчдад зайлшгүй тулгарах асуудлуудыг зохистойгоор шийдвэрлэх чадварыг бий болгоход оршино.
Семинарт Хонг Конг, Энэтхэг, Малайз, Тайланд, Тайван, Филиппин зэрэг 10-аад орны Төв банкны 25 гаруй төлөөлөл оролцож байна. “ICLIF” засаглал, манлайллын сургалтын төвөөс АНУ, Франц, Малайз, Филиппин улсуудын төлөөлөл болсон чадварлаг илтгэгчид мөн Шриланкны Төв банкны Ерөнхийлөгч асан Ноён Ажит Нивард Кабраал мэдлэг туршлагаа солилцож, илтгэл хэлэлцүүлж байгаа аж.