АН-ынхан өнөөдөр ч эдийн засаг хямраагүй гэсэн байр суурин дээрээ бат байна. Тиймдээ ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хямрал хүндрэлийн талаар огт дурдаагүй бөгөөд дэндүү өөдрөг, төгс төсөөллийг тусгасан нь амьдралаас дэндүү тасархай байгаагийн илрэл гэлтэй. Угтаа өнөөдөр эдийн засаг тартагтаа тулчихсан, тэр бүү хэл манай улс Грек шиг дефолт зарлах эсэх дээрээ тулчихаад байгааг туршлагатай эдийн засагчид хэлээд л байгаа. АН-ынхан ийнхүү эдийн засаг хямраагүй гэж үзсэн учраас макро эдийн засгийн бодлогын зорилтууд нь хэвийн өсөлттэй, ямар нэгэн тулгамдсан асуудалгүй эдийн засгийг хөгжүүлэхээр зорилт тавьж байгаа мэтээр тооцоолсон нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байна. Ийнхүү эрх баригчид өнөөгийн эдийн засгийн байдалдаа зөв дүгнэлт хийхгүй, гаргасан бодлогын алдаандаа дүгнэлт хийгээгүй байдал нь цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа макро эдийн засгийн болон хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэх орчин нөхцөл, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бүрдэх боломжгүй болно л гэсэн үг. Үндсэндээ АН-ынхан засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд макро эдийн засаг муудаагүй, хямрал болоогүй, асар их бүтээн хийсэн мэтээр иргэдийн “тархийг угаах ажиллагаа”-г эрчимжүүлж байгаа нь АН хийдэг биш хэлдэг нам болохыг бэлхнээ харуулж байна. Тэд ярьсан шигээ хийдэг байсан бол өнөөдөр эдийн засаг элгээрээ хэвтэх биш дөрвөн жилийн өмнөх 17 хувиас хэд давсан өсөлттэй байх байлаа. Гэтэл улсын төсөв 1.1 их наядаар, төсвийн орлого 700-гаад тэрбумаар тасарчихсан яваа. Дээрээс нь гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн нь АН дөрвөн жилийн хугацаанд юу хийсний бодит баталгаа болж байна. Гэсэн хэдий ч энэ бүхэн АН-ынханд өнөөдөр ч хамаагүй бололтой. Аливаа өвчний оношийг зөв тогтоож байж хэрхэн эмчлэхээ шийдэх учиртай. Гэтэл АН-ынхан эдийн засаг яагаад ингэтлээ муудсаныг оношилсонгүй, оношлохыг ч хүссэнгүй. Мэдээж энэ процессыг хийгээгүй учраас өвчнийг /эдийн засгийг/ хэрхэн эмчлэх жор тэдэнд байхгүй л гэсэн үг.
Г.Ган