Хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэн төлөвшүүлж, олон оронтой тоог цээжээр төвөггүйхэн бодож чаддаг болгодог япон сампин соробангийн сургалт Монголд дэлгэрч эхлээд удаагүй байгаа билээ.
Япон судлаач Д.Төмөрбаатарын тэргүүнээр нь ажилладаг Монголын соробангийн холбооны сурагчид соробангаар амжилттай суралцаж байгаа бөгөөд тус холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвийн сурагчид соробангийн эх орон Японд зохион байгуулагддаг соробангийн өндөр чансаатай олимпиадад тогтмол оролцож, Японы авъяаслаг хүүхдүүдтэй эн тэнцүүхэн өрсөлддөг болоод байгаа билээ. 6-р сарын 12-нд Японы Цүкүба хотод болсон Ибараки мужийн соробангийн аварга шалгарулах тэмцээнд “Монгол соробан” төвийн 15 сурагч, 3 багш оролцоод ирснээс 18-р сургуулийн 7 настай Ц.Цэцэбилгүүн тус мужийн бага сургуулиудын хүүхдүүдтэй өрсөлдөн 2-р байр, 97-р сургуулийн сурагч 11 настай Б.Баярбаясгалан 2-р байр, 1-р сургуулийн сурагч Ө.Хатанзаяа дунд сургуулийн сурагчдын ангилалд оролцон 3-р байр эзлэн өндөр амжилт гаргасан байна.
Ибараки муж нь 3 сая хүн амтай бөгөөд дээрх тэмцээн болсон Цүкүба хот бол эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүд төвлөрсөн, эрдэмтдийн хот гэж нэрлэгддэг хот юм. Ибараки мужийн аварга шалгаруулах соробангийн тэмцээн нь Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа орох том тэмцээн бөгөөд гадаад хүүхдүүд анх удаа оролцож байгаа нь энэ юм байна. Япон багш нар монгол хүүхдүүд богино хугацаанд ийм өндөр түвшинд хүрсэнд баяр хүргэн, Японд болдог олимпиад уралдаанд, ялангуяа 8-р сард болдог Бүх Японы соробангийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцохыг зөвлөсөн байна. Түүнчлэн “монгол хүүхдүүдийг цаашдаа соробангаар тууштай хичээллэх юм бол япон хүүхдүүдтэй эн зэрэгцэх бүрэн боломжтой юм байна” гэж үнэлжээ.
Олимпиадад оролцсон “Монгол соробан” төвийн сурагч багш нар Токиогийн диснейланд, амьтны хүрээлэнг зэргийг сонирхон үзэж, олон япон хүн, хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөсөн байна. Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар: “Монголд соробангийн сургалтыг япон стандартаар явуулах бидний бодлого зөв явагдаж байгааг бид тэмцээний үр дүнгээс харж баярлаж байлаа. Монгол соробанчдын амжилт жилээс жилд ахиж, япон хүүхдүүдийн түвшинд тун ойртож байна.
Японы мэргэжилтэн багш нар “соробан бол том соёл, хүүхдийг төлөвшүүлдэг чанарыг нь орхигдуулж болохгүй шүү” гэж бидэнд захиж байсан. Монголын соробангийн холбоо нь Японы соробангийн сургуулиудын холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд бид цаашдаа Японд болдог өндөр чансаатай олимпиадад сурагч шавь нараа жилдээ 2-3 удаа тогтмол оролцуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьж байлаа.