06.16

Төрлийн алба түмний алба болно

АН засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 30 мянгаар нэмэгдэв. Маш том бөгөөд их тоо байгаа биз. АН улс төрийн нам болон нэгдсэнээсээ хойш бүтэн 12 жилийн дараа төрийн эрх барих боломжтой болуутаа төрийн албыг ингэж л төрлийнх болгосон. Нэг үгээр хэлбэл, тэд засгийн эрхийг авсан даруйдаа ах дүү, амраг садан, хавь ойрынхноо ажилтай болгосон нь энэ. Хэдийгээр цөөнгүй хүн ажлын байртай болсон нь сайн мэдээ ч АН-ын томчууд богино зайн улс төр хийж, даган гарах сөрөг үр дагаварыг бодоогүй нь харамсалтай. Үүнийг боловсрол нимгэн хүний богино ухаан ч гэх нь бий. 30 мянган хүний эрх ямба, идэж уух, эдэлж хэрэглэхийг тооцвол багагүй хэмжээний тоо гарна. Монгол Ардын Намынхан эрх баригчдын энэ буруу бодлогыг шүүмжилж, төрийн данхар бүтцийг цомхотгох шаардлагыг удаа гаргаж байв. Үндсэндээ эдийн засгийн хямрал энэ мэт буруу бодлогоос үүдэлтэй гэдгийг засаг барьж сурсан, туршлагатай нам  гадарлаж байсан нь гарцаагүй.

Зарим тоо баримт дурдвал 2012-2013 онд гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурсан байдаг. Үүний гол шалтгаан нь төрийн албан хаагчдын тоог хязгааргүйгээр нэмсэн, хуулиас гадуур үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбоотойг Ардын намынхан баримт дурдаж хэлж байсан нь саяхан.  Жишээлбэл, төр зөвхөн шатахуунд жилд 40 гаруй тэрбум төгрөг, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг нэг жилд зарцуулдаг болжээ. Үүний цаад шалтгаан нь 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргасан байна. Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн  гэсэн үг.

Төрийн албаны бүтцийг ингэж данхайлгасан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой. Тодруулбал, өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл, зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлжээ. Ингэж элгэн садан, эгч ахыгаа ажилда авахдаа АН-ынхан дүрэмгүй тоглосон.  Өөрөөр хэлбэл, Төрийн жинхэнэ албанд шалгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн хүнээс авах ёстой. Гэтэл 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсноос 493 албан хаагчийг түр нэрээр томилсон байдаг. Энэ нь Үндсэн хууль болон Төрийн албаны хуулийг илт зөрчсөн үйлдэл болсныг эргэн сануулъя.

Харин ингэж олуулаа болсон төрийн албан хаагчдын цалингийн  зардлыг авч үзвэл төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр тооцож, 30 мянган төрийн албан хаагчаар үржүүлбэл жилд нийт 180 тэрбум төгрөг болж буй. Гэтэл энэ мөнгөөр ерөнхий боловсролын 150 сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам барих боломжтой байсан нь  эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Хэдий өнгөрсөн цаг хугацааг эргүүлж, АН-ынхны дураар авирлалтыг зогсоох боломжгүй ч энэ нам төрийн эрхэнд гарахаараа ийм л алдаатай бодлого хэрэгжүүлдэг гэдгийг  юу юугүй сонгууль болох гэж буй энэ цаг үед эргэн сануулъя.

АН-ынхан  төрийн албанд дээр дооргүй “хүн”-ээ  шургуулсан цөөн хэдэн жишээг бас дурдъя. Төрийн албыг төрлийнх болгох эхний жимийг засаг тэргүүлж байсан Н.Алтанхуяг эхлүүлсэн түүхтэй. Тодруулбал, тэрбээр шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байхад түүний дүү Н.Наранцэцэгийн охин Г.Уянга нь "Тавантолгой" компанийн 17 тэрбумын тендерт өрсөлдөгчгүй ялсан байдаг. Тэгээд ч зогссонгүй Г.Уяангын нөхөр Г.Дэнзэн буюу Ерөнхий сайдын хүргэн хүү  ЗГХЭГ-ын дэд даргын  сэнтийд заларсан төдийгүй "Таван толгой" компанийн ТУЗ-ийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн зэрэг байж болох томоохон албан тушаалд эзэн суусан байв. Болоогүй, Ерөнхий сайдын хамаатан Б.Ганцэцэг гэгч Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь ч тодорхой болсон.

Төрийн албыг төрлийнх болгоход гар бие оролцсон эрхэм бол “оффшор" С.Баярцогт. Дашрамд сануулахад сая ам.доллараа оффшортоо “мартдаг” түүнийг сүүлийн үед “оффшор” гэж нэрийдэх болсон байна лээ.  Монголын төрд насаараа шахуу “зүтгэж” яваа тэрбээр төрсөн ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын дарга болгосон  гэдэг. Мөн МУИС-ийн ТУЗ-ийн дарга болж төрлийн албаны улбааг үргэлжлүүлэн эхнэр Ч.Нарантуяа нь МУИС-ийн дэд захирлаар дэвшсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн А.Бакей эхнэрээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар, дүү А.Манкейгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт Тамгын газрын дарга хэмээх суудалд залруулсан. Түүнчлэн эхнэрийнхээ дүү З.Сарынбекийг Замын-Үүдийн Гаалийн газрын орлогчид зүтгүүлсэн нь ч амжилт олсон юм билээ. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн газрын даргад дэвшүүлсэн гэдэг.

АН-ынхнаас төрийн албанд  хавь ойрынхноо хамаад “чихчихдэг”  зартай ганц хүн байгааг орхиж болохгүй. Тэр бол УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ. Түүнийг Баянгол дүүрэгт бүхэл бүтэн вант улс байгуулсныг нийслэлийн иргэд тэр чигээрээ мэддэг болсон. Учир  нь  АН засагласан дөрвөн жилийн хугацаанд түүний эхнэр, хүүхдүүдээс нь авахуулаад 20 гаруй хүн Баянгол дүүргийн Тамгын газарт өнөөдөр ч ажиллаж буй.

Энэ мэтчилэн АН-ынхан  төрийн албыг төрлийнх болгосон жишээ хэдийг л бол хэдийг дурдаж болно.  Товчхондоо, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн бүр хавь ойрынхоо хэчнээн хүнийг ч  “хууль бусаар” төрд шургуулсныг таахад бэрх. Харин эцсийн дүндээ төрийн алба төрлийнх байж болох уу. Асуултын хариултыг уншигч танд үлдээе. Мэдээлэлтэй байж гэмээнэ үнэн мөнийг тунгаах эрх Танд нээгдэх билээ.

Х.ГАЛ

www.zaluu.com