Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасантай холбогдуулан иргэд хувьцаагаа зарах ажлыг эхлүүлсэн байгаа.
Хэдий хувьцааг арилжааны банкаар дамжуулан худалдаж авах нь буруу хэмээн хөрөнгийн зах зээлийнхэн үзэж байгаа ч тэдний үгийг Засгийн газар огт тоохгүй байна. Мөн Засгийн газарт хувьцаа худалдаж авах мөнгө байхгүй байгаа гэж буй.
Гэвч эрх баригчид тоохгүй "сайн хувьцаа" хэмээн нэрлээд улам цаашилж байна. Уг нь хөрөнгийн зах зээл хөгжсөн, иргэд нь тэр тухай мэдлэг мэдээлэл сайтай улс оронд бол иргэд нь "сайн хувьцаа"-гаа зардаггүй. Учир нь "сайн хувьцаа" бол жил бүр оногдол ашиг ихээр өгч иргэдийн насан туршийн хоол нь учраас тэр.
Гэтэл манай эрх баригч АН энэ сонгуульд ялахын тулд л "сайн хувьцаа" хэмээхийг бодож олсон гэх. Уг санааг Чингис бондын санаачлагч "Фортуна" хэмээх Н.Батбаяр анх бодож олсон гэсэн. Тавантолгойн орд буюу Эрдэнэс Тавантолгой компани баахан өрөнд баригдсан ямар ч ашиг орлогогүй л байж байгаа.
Засгийн газрын тайлбарлаж байгаагаар иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгө босгож байгаа бондыг Эрдэнэс Тавантолгойн нэр дээр гаргах юм гэсэн. Ийм их өр зээлтэй улстөрийн хараат компаний нэр дээрх бондыг хэн худалдаж авах вэ гэдэг ч сонирхолтой.
Мөн одоогийн эрх баригчид өмнөх Засгийн газраа өр тавиад иргэдэд мөнгө тараагаад Тавантолгойг өрөнд оруулчихсан гэдэг. Өөрсдөө ч тэгвэл Засгийн газрынх нь зөвлөх Б.Баабарын хэлснээр байхгүйгээ тараагаад эхлэх нь энэ.
Тавантолгойн өр гэснээс АН-ын эрх баригчид Чалкотой дэлхийн зах зээлийн үнэ ямар байхаас үл шалтгаалаад ямар ч үед 70 ам.доллараар нүүрс худалдах гэрээ байгуулсан байсныг цуцлуулснаас тэр өр асуудал болж хувирсан билээ.
Энэ удаа Эрдэнэс Тавантолгой дахиад л бөөн өрөнд ороод дуусах нь. "Сайн хувьцаа" хэзээ ч тухайн компанийг өрөнд оруулдаггүй учиртайг дахин давтья. Харин манай эрх баригчдын санаачилсан "сайн хувьцаа" бол Эрдэнэс Тавантолгойг бондын өрөнд оруулахад л хүргэж байгаа юм.
Тэгвэл арилжааны банкуудад энэ сарын 13-наас эхлэн иргэд дансаа нээлгэж бүртгүүлэх ажил үргэлжилсээр байна. Дансаа нээлгэж бүртгүүлснээс долоо хоногийн дараа 100, 100 мянгаар нь авах эрх үүсч байгаа юм гэсэн.