Өнөөгийн байдлаар 190 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байгаа бөгөөд үүнд нийт 355 тэрбум төгрөг эргэлдэж байгаа тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, ахмадууд сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийг зөвхөн арилжааны банкуудын зээлийн хүүнд халааснаасаа төлж байна гэсэн үг. Тэгвэл жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийн хүүг хоёр дахин буулгах боломж бийг УИХ-ын гишүүд олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг, банкны удирдлагуудтай хийсэн зөвшилцлөөр тогтоосон байдаг. Хэрвээ зээлийн хүүг боломжит хэмжээнд бууруулж чадвал жилдээ зөвхөн хүүнд зориулагддаг 60 орчим тэрбум төгрөг ахмадуудын халаасанд үлдэх боломжтой юм.
Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд зээлийн хүүг бууруулах асуудлаар эрх баригч АН-д удаа дараа шаардлага, санал санаачилга хүргүүлсэн удаатай. Гэсэн хэдий ч шийдэгдэлгүйгээр хуулийн төсөл нь дараагийн УИХ-ын бүрэн эрхэд шилжиж байна. Тодруулбал, одоогоос жил гаруйн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн барьсан юм. Арилжааны банкинд бага хүүтэй байршиж байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг зөв хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулснаар ахмадуудад учирч буй зээлийн хүүний дарамтыг бага ч атугай хөнгөрүүлэх боломжтой гэж үзжээ.
Гэвч энэ тогтоолын төсөл мөн л эрх баригчдын үзэмжээр гацаж, цаасан дээр л байсаар өнөөг хүрсэн байна. Тэгвэл ахмадуудад тулгамдаж буй энэхүү асуудлыг МАН шийдэхийн тулд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, “Насны хишиг” олгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан байна. Ийнхүү тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасанд ахмадууд баяртай байгаагаа нэр дэвшигчдийн уулзалт бүрт илэрхийлсээр байгаа аж. Учир нь төр засагт уламжлаад ч шийдэгддэггүй энэ асуудал ажил хэрэг болно гэдэгт ахмадууд итгэлтэй байгаа аж. Гол нь тогтоолын төсөл нь цаасан дээр хэдийнэ буусан, батлах хүсэл сэтгэл л байвал хэрэгжихэд бэлэн байгаа юм.
Ц.Тунгаа