07.07

Хэт халалтаас сэргийлэхийг санууллаа

Ойрын өдрүүдэд цаг агаарын хувьд хэт халалттай, хурц нартай өдрүүд үргэлжлэх тул хэт халалтаас сэргийлэхийг албаныхан анхааруулж мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэрэмжлүүлэг мэдээллийг хийсэн юм.

Ойрын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар 38 хэм хүртэл халах учраас ард иргэдийг сэрэмжлэхийг анхаарууллаа. Мөн наадмын өдрүүдээр хур бороотой байх тул үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулсан юм. Япон улсад хэт халалтын улмаас 100 гаруй хүн нас барсан. Мөн БНХАУ-ын урд хэсгээр шар усны үер болж буй учраас ийм нөхцөл үүсэхээс сэргийлэхийг ард иргэдэд сэрэмжлүүллээ.

Иргэд халуун өдрүүдэд дараах зөвлөмжийг баримтлах.

    Наранд удаан явахгүй байх
    Шингэн зүйл уух
    Бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх
    Толгойгоо ойр ойрхон хүйтэн усаар норгох
    Нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
    Өндөр настан даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух

Мөн удахгүй баяр наадам болох гэж буйтай холбогдуулан хоолны хордлогоос сэргийлэхийг сануулсан юм. Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд Чингэлтэй дүүрэгт 40 гаруй хүн хоолны хордлогод оржээ. Ихэнх нь гэрийн нөхцөлд, мөн баталгаагүй газраас хүнс худалдан авсан зэргээс үүдэлтэй юм байна. Тиймээс баяр наадмын өдрүүдэд хоол хүнсээ зөв тохируулахыг анхааруулж байна. Тухайлбал:

    Хоол хүнсээ баталгаат газраас худалдан авах
    Хуушуур, хорхог, боодог идсэний дараа хийжүүлсэн ундаа, айраг, согтууруулах ундаа уухгүй байх
    Бэлэн болсон хоол, салат, зуушийг хадгалтад нь анхаарах
    Хэт халууцсаны дараа хүүхдэд хүйтэн ундаа, зайрмаг аль болох идүүлэхгүй байх
    Аюулгүй хоол хүнсний таван зарчмыг баримтлах