07.30

74 настай эмэгтэйг дээрэмдсэн залууст 5-6 жилийн ял оноов


Энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 74 настай эмэгтэйг дээрэмдсэн гурван залууд холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Шүүх хуралдаанаас Эрүүгийн хуулийн 147.2 дугаар зүйл ангид зааснаар Л.Амаржаргалд 6 жил 5 сар, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт 5 жил 1 сарын хорих ял тус тус оноож, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын явцад тус хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал (1990 онд төрсөн), Дорнод аймгийн Матад сумын харьяат Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ (1990 онд төрсөн), Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар (1995 онд төрсөн) нар үйлдсэн нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 147.2-т хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хэргийг сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдрийн 22:00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних гурван залуу 74 настай Ц-г орцонд нь дээрэмдэж, улмаар хүнд гэмтээсэн хэрэг гарсан.

Сэжигтэн А, Б, М нар нь 24 цагийн авто угаалгын газар ажилладаг бөгөөд хөдөө орон нутгаас өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлд ирж суурьшсан байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд энэ хэргийг үйлдэхээсээ өмнө Чингэлтэй дүүргийн Таван буудлын ойролцоо бусдыг бүлэглэн зодсон нь тогтоогджээ. Тэд согтуу байсан төдийгүй настай эмэгтэйг нэмж архи уухын тулд дээрэмдсэн талаараа мэдүүлсэн байдаг.