04.18

Найман хувьтай зээлийг ямар иргэд авах ёстой юм бэ?

Төр иргэдээ дэмжинэ, туслана, найман хувийн хүүтэй зээлийг залуу гэр бүлд олгож, байр саванд оруулахад асуудалгүй дэмжинэ гэж ярьдаг хэрнээ ачир дээрээ бас худлаа бололтой. Наад захын шаардлага хангаж чадахгүй байна гэсэн шалтгаанаар байрны зээлэнд хамруулахгүй юм. Тиймээс ямар хүмүүс орох оронтой болох юм бэ? Банкин дээр чадлынхаа хэрээр бичиг баримтаа бүрдүүлээд очихоор урдаас “Цалингийн хэмжээ чинь хүрэхгүй байна. Тэтгэвэрт гарах гэж байгаа хөгшин хүнд зээл олгохгүй” хэмээн хэнэг ч үгүй хэлэх юм.

Яалаа даа итгэл олгож, иргэдээ дэмжинэ гэсэн төрийн бодлого, ипотекийн зээл ямар шаардлага хангасан хүндээ очих юм бэ? Төрийн ч бай хувийн ч бай байгууллагад ажилладаг хүмүүсийн цалингийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа ч аливаа зүйлд уян хатан, наанатай цаанатай хандмаар юмаа. 7000 гаруй байр ашиглалтад орж, эзнээ хүлээж байгаа ч худалдан авалт байхгүй, эрэлт бага хэрнээ нийлүүлт ихтэй байрууд олон буй. Гэтэл өнөөдөр итгэл алдаж, эдийн засгийн хямралтай энэ цаг үед байрынхаа мөнгийг мөн төрөөс баримтлах бодлогоо бага ч болов уян хатан болгох хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна.

Өнөөдөр баян цатгалан хэдэн өрөө байр авчих чадалтай иргэд хомс, гэхдээ залуу гэр бүл байранд орохыг хүсч мөрөөдөж яваа. Гэтэл энэ байдал үнэндээ зүүдэндээ зохиосон үлгэр мэт санагдаж байна шүү. Ямар хүмүүс байранд орох боломжтой юм бэ, хүний итгэл сэтгэлийг хөсөрдүүлж, ядуу хүн та байр худалдаж авах ямар ч боломжгүй гэх мэт тайлбарыг өгч байгаа банкныханд хүнлэг сэтгэл алга. Залуусаа дэмжиж баймаар юм даа засаг төр минь ээ.