08.15

БТСГ-ын дарга Ц.Шаравжамц ажлаа хүлээж авлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэрбээр өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээж авлаа. Тэрээр тамгаа хүлээж аваад спортыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн юм. Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал асан Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Х.Бахытжан нарын зэрэг албаныхан оролцов. Ж.Батсуурь сайд “Шинэ Засгийн газрын бүтцээр манай яам хоёр агентлагтай болсны нэг нь Биеийн тамир, спортын газар юм. Манай тамирчид өмнө нь байгаагүй олон бүрэлдэхүүнтэй Риогийн олимпод оролцож байна. Ажлаа авч байгаа шинэ дарга нь салбарын хүн учраас цаашид улам илүү сайн ажиллах байх. Бид өвлийн спортын ордонтой болох мөрөөдөлтэй. Тиймээс спортын салбарын бүх хүн үүнд анхаарал тавьж байгаа юм. Олон хүний анхаарал тавьсны үр дүнд тамирчдын маань амжилт улам дээшилж, өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, сайн ажиллахыг хүсье. Бид тамирчдаа маш сайн дэмжиж ажиллах ёстой шүү” гэв.