Энэ оны хоёрдугаар сард дуучин Кайли Миноуг өөрийн залуу амраг Жошуа Сассын гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгсөн билээ. Тэдний хуримын ёслол энэ зуны сүүлчээр болно гэж мэдээлэгдэж байв. Хосууд алдартнуудын хуримаа хийхдээ ихэд таалдаг улс болох Италийг сонгосон юм. Зун дуусах гэж байхад Кайли, Жошуа хоёр сүмийн гонхны өмнө нэг нэгэндээ “Тийм” гэж хэлээгүй л байна.
Зарим нэг шүтэн бишрэгчид нь “Хуримын ёслол болох юм уу, үгүй юм уу?” гэсэн асуултыг тавих болжээ. Хурим болдгоороо болох гэнэ шүү. Гэхдээ сүйт залуус хуримын товд бага зэргийн өөрчлөлт оруулахаар шийдсэн аж.
Кайли бүсгүй хуримаа төрөлх нутаг болох Австралийн Мельбурн хотод хийхийг хүссэн байна. Хэд хоногийн өмнө дуучин бүсгүй тийшээгээ явж, хуримаа хийх газраа яг таг сонгожээ. Тэрбээр готик хэв маягаар баригдсан Гэгээн Паулын цогчин дуганд хуримлахаар шийдсэн гэнэ. Тэд хуримын ёслолоо оны сүүлчээр хийхээр төлөвлөжээ.