Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Францын нэрт найруулагч Жан Жак Анно өнөөдөр манай улсад хүрэлцэн ирнэ. Энэ эрхэм монголчуудад Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Чонон сүлд” уран сайхны киног найруулснаар эчнээ танил болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жан Жак Аннод илгээсэн урилгадаа “Таны бүтээсэн“Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том амжилтын ард гарч чадлаа. Эрхэм найруулагч та Монголын өв уламжлал, нүүдэлчин соёлыг гайхалтай мэдэрч киногоо хийж чадсан тань үнэхээр бахархууштай” гээд Франц, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид улам өргөжнө хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахын зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нартай уулзаж, Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд зочлохоор төлөвлөжээ.
Б.НОМУУН