“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран хүч үзэж, шүүгчдийн булхай онооноос болж Узбекийн тамирчинд ялагдсан нь хэн хүний дургүйцлийг ихээр төрүүлээд байгаа. Хүрэл медалийн төлөө тун ч дайчин барилдааныг үзүүлээд байсан манай тамирчны хувьд хугацаа дуусахаас хэдэн секундийн өмнө ялалтаа “тэмдэглэж”, өрсөлдөгч бөхдөө барьц өгөхгүй зугтсан нэрийдлээр торгуулийн оноо авч ялагдал хүлээсэн юм.
Энэхүү булхайтай шүүлтийг Монголын дасгалжуулагчид эсэргүүцэж хувцсаа тайлж шидсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр даруй цацагдсан билээ. Тус эсэргүүцлийг нь дэмжиж, тэмцээний хөгжөөн дэмжигчид ч “Монгол” хэмээн хашгирч байсан талаар дэлхийд алдартай томоохон хэвлэлүүдэд бичсээр байгаа юм. Тэгвэл зохиолч Х.Болор-Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Яадаг юм, тайлах ёстой юм бол тайлъя. Нүцгэлэх ёстой юм бол нүцгэлье. Алдсан ч, оносон ч ахан дүүсийнхээ талд л зогсоно шүү. Яадаг юм бээ, яадаг юм. Олигтой эцэг, эхтэй айлын хүүхдийг угаасаа хэн ч дээрэлхэж зүрхэлдэггүй л биз дээ? Олиг муутай эх эцэгтэй айлын хүүхдийг бүгд л дээрэлхдэг биз дээ? Өмөөрөх эх эцэг нь өндөлздөггүй юм бол ах дүүс нь өмөөрөх л хэрэгтэй шүү дээ. Зөв ч, буруу ч төрснөө өмгөөлж цусаа холилцдог Монгол араншин байна аа, байна.
Ноён Ерөнхийлөгчийн тэрбумаар нь цацаад тарьж чадаагүй шуугианыг ноорхой ардын хүү өмдөө тайлж чулуудаад л тарьж чадлаа, “Mongolian coaches protest images” гээд хайлт хийгээд үз. Зүгээр л битүү байна, манай дасгалжуулагчдын зураг. Хөөргөж байгаа юм биш. Хөөрхөн санагдаад хэлж байна” хэмээн бичжээ.