08.31

С.Жавхлан: Бид дэндүү тансаглажээ

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын ээлжит бус  чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүдэд хандан  "Монголоо эргүүлэн босгоё" хэмээн уриалсан юм.Тэрбээр "Та бүхэндээ билгийн тооллын намрын эхэн сарын шинийн 24-ны  цагаан луу өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. Миний хувьд өнөөдрийн яриануудыг сонсоод харамсаж байна, зүрх өвдөж байна.  Энэ 25 жилийн дотор  дөрвөн Ерөнхийлөгч, 16 Ерөнхий сайд засгийн газрыг толгойлж энэ улс орныг удирдаж явж ирсэн байдаг. Гэтэл  энэ 25 жилийн хугацаанд  шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг талцаж, Монголоо бус зөвхөн амин хувиа хичээх байдлыг нийгэмд тархаажээ. 
Түүнчлэн залхуурлыг уриалан дуудаж мөн бэлэнчлэх сэтгэлгээг нийгэмд тархааж, ёс зүйгээ  гээж,  харийг шүтэн дээдэлдэг ийм үзлийг хэтэрхий их дэвэргэжээ. Мөн халамжийн тогтолцоо газар авчээ. Дампуурч буй нийгэмд эмнэлэг, цагдаа мансуурал, баяр зугаа давамгайлж байдаг бол харин  мандан бадарч нийгэмд боловсрол, хэвлэл мэдээллийн салбар нь нийгэмдээ  тэргүүлж байдаг. Нийгэм нь тэр чиглэлдээ хамгийн их анхаарч байдаг. Өнөөдөр манай Монголын төр соён гэгээрүүлэх, уриалах, зохион байгуулах тэр чадвараа бүрэн алдсан байна. Зохион байгуулах биш зөвхөн хараалгадаг хүмүүс болжээ. Бид хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн  байдалтай л ярьж  байна. Хэмнэж чадсан нь хийж чадна аа монголчуудаа, ахан дүүс ээ. 
Өнөөдөр дэлгүүрт ороход 36 төрлийн 00 цаас хэрэглэж байна. Ингэтлээ  бид дэндүү тансаглажээ. 
Ингэтлээ бид  хөдөлмөрч биш  тансаглал руу нийгмээ  уриалан дууджээ. Засгийн газрын гишүүддээ хандаж хэлэхэд, 25 жил Монголыг ийм болгосон хүмүүст харуусч байна. Өвгөд хөгшдөөсөө уучлалт гуйгаасай. Залуус бид харамсаж байна. Үүний төлөө орж ирж байгаа залуусыгаа урдаа бариад залуус  маань тэдэнтэйгээ нийлж байгаад  Монголоо эргүүлэн босгоё  гэж уриалж хэлмээр байна. Та сайхан амьдарч байж болно, гэхдээ  амин хувиа биш Монголоо эхлээд бод. Харин өнгөрсөн хугацаанд би л зөвхөн гоё болж байгаад дараа нь бусдыг гоё болгоно гэж бодож эндүүрснээсээ болоод өнөөдөр ийм тогтолцоог бий болгожээ. Энэ нь мөнгийг урдаа барьдаг тогтолцоо. Одоо тэгвэл сэтгэлээ урдаа барьдаг, мэргэжлийн гэхээсээ илүүтэй сэтгэлтэй хүмүүс Монголд хэрэгтэй байна.  Ажил хайж байгаа хүн  л гэхэд  ямар ажил хийх гэж байгаагаа ч мэдэхгүй хэдэн төгрөг өгөх юм гэж асуудаг. Ийм сэтгэлгээгээр энэ нийгэмд битгий хандаач гэж хүсмээр байна. Та бүхэнтэй хэрэлдэж, уралцах гэж Их хурлын танхимд би орж ирээгүй ээ. Сайхан Монголоо хамтдаа бүтээгээд, ёс зүйгээ дээдлээд, өөрөө өөрсдөө ч гэсэн өөрчлөгдье л дөө. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн мандан бадарч байсан тэр сайхан цаг үеийнхээ баримт кинонуудыг гаргаач" гэсэн юм.