Монгол Улсад хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид бол шүүгчид хэмээн мэдээлдэг. Анх шүүгчдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлж олон нийтэд мэдээлсэн нь ийн шүүмжлэл дагуулах бай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүгчээс анхан шатны шүүхийн цалингийн хэмжээ бол өнөөдрийн байдлаар 3,3 саяас 1,5 сая хүртэлх цалинтай ажиллаж байна.Өдгөө Засгийн газар хэмнэлтэд шилжиж байгаа энэ үед шүүгчийн цалин руу мөн л довтолж эхлэв. Олон нийтээс ч шүүгчийн цалин хасахыг дэмжиж байгаа юм. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн цалин хасахыг эсэргүүцэж тус газрын дарга Н.Лүндэндорж “Эдийн засаг хямарч болно. Шударга ёсны төлөөх сэтгэл зүтгэл хямарч болохгүй” хэмээсэн.
Тэгвэл шүүгч нарын цалин ингэж олны шүүмжлэлийн бай болсонд Шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдөө буруутай. Учир нь ШЕЗ-өөс шүүгчийн цалинг тогтоохдоо үндсэн цалин хэмээн ганцхан тоо тавьж өгсөнд асуудал байгаа юм. Ингэснээр шүүгчид нөгөөх үндсэн цалингаасаа нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэргээ төлөөд гар дээрээ авч байгаа юм. Тухайлбал, 1.5 саяын цалинтай шүүгч гэхэд нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар зэргээ төлөөд гар дээр 1.1-1.2 саяыг авч байгаа бөгөөд тэдэнд нэмэгдэл цалин гэж байхгүй.
Тэгвэл шүүгчээс илүү цалинтай төрийн албан хаагч олон бий. Тухайн байгууллага үндсэн цалингаа 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байдаг тогтоож өгсөн байдаг бөгөөд нэмэлт цалин нь үндсэн цалингаас их байх нь бий. Ингэснээр тухайн албан хаагчид шүүгчээс бага цалинтай ажиллаж байгаа мэт боловч нэмэгдлээрээ хамаагүй өндөр авч байгаа юм. Үүнийг Засгийн газрын хэмнэлтийн горимынхон шалгаад үзвэл шүүгчийн цалингаас ч их мөнгө хэмнэх дүр зураг ажиглагдаж байгааг дуулгая. Хэрвээ ШЕЗ дээрх байгууллагууд шиг "заль" гаргасан бол өдгөө ийм шүүмжлэлд өртөхгүй л байсан болов уу.
Энд нэгэн зүйлийг онцлоход, шүүгч болсноор тухайн хүн амьдралаа томоохон хэмжээний золиос гаргаж байдгийг олон нийт тэр бүр мэддэггүй л болов уу. Үндсэндээ шүүгчид найз нөхөд, хамаатан садан гэдгээ хаях хэрэгтэй болно. Манайхан шиг баасан гарагийн орой уушийн газар шар айраг шимж суух боломж тэдэнд бүр ч хаалттай.
Олон нийт шүүгч нарын цалинг эмч, багш нарын цалинтай харьцуулах нь бий. Тэгвэл манай эрүүл мэндийн тогтолцоонд эмч нар давхар хөдөлмөр эрхэлж болж байна. Тодруулбал, эмч нар улсын эмнэлэгт үзлэгээ хагас дутуу шахам хийчихээд хувийн эмнэлэгт очоод суучихдаг нь хэдийнэ ил болсон зүйл. Ингээд эмчилгээ шаардлагатай өвчтөн ирвэл хувийн эмнэлэг рүүгээ гүйлгэж, хэдэн төгрөгийг нь саана. Үнэндээ манайд эмч буруу оношилгоо хийгээд хариуцлага хүлээсэн тохиолдол цөөхөн. Өвчтөн өөр газар оношлуулаад гадаадад эмчилгээ хийлгээд явахад анх буруу оношилсон эмч хувь, хувьсгалын эмнэлэгтэй ажилласаар л сууна. Эмнэлэгт хэн нэгнээ хэвтүүлэх гэсэн өвчтөний ар гэрийнхэн аль байдгаа эмч нарт барина. Нөгөөдүүл ч тэгэх л ёстой гэсэн шиг авч сууна.
Тэгвэл шүүгчид өөр. Тэд алдаатай шийдвэр гаргавал шүүгчээр ажиллах эрхгүй болно. Тэдэнд хувьдаа ажил эрхлэх бүх боломж хаалттай, үргэлжийн хараа хяналт шалгалтад өртөнө.
Бас багш нартай харьцуулаад үзье. Багш нар өдөрт зургаан цагийн хичээл заагаад л бол оо. Гэсэн ч олон жил ажилласан, зэргийн нэмэгдэл зэргээс шалтгаалж өөр өөр цалинтай. Хамгийн гол нь 30 хүүхэдтэй ангийн 10 хүүхэд нь муу сурвал тэр багш ямар ч хариуцлага хүлээхгүй. Сурагч нь муу сурлаа гээд багш нь хариуцлага хүлээнэ гэсэн хууль, дүрэм журам байхгүй гэсэн үг. Тэгвэл шүүгч 30 хэргээс 10-ыг буруу шийдвэл түүний ирээдүй тэгээд л дуусаа гэсэн үг. Ийм үед шүүгч нарын цалингаа бамбай болгож, ажлаа хийж, хөдөлмөрөө үнэлүүлсэн хөлсийг нь олон нийтэд ил мэдээлж, тэднийг олон нийтийн хараалд өртүүлж байх нь хэр оновчтойг эрх баригчид бодож үзэх нь зүйтэй биз ээ. Эрдэнэт үйлдвэрийн захирлууд, бусад ТӨХК-уудын дарга нар зэрэг нөхдийн цалинг ч мөн ил зарлаад, хасч танаж төсвөө танавал яаж байна. УИХ-ын гишүүдийн утасны зардал гэх сул мөнгө ч бий шүү дээ.
Өөрөөр хэлбэл, цалин хасах сургаар л шүүгч рүү дайрахаа болиод хасахаа тулбал бүгд адил тэгш хасдаг байвал зүйтэй болов уу. Олон нийтэд ч үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Дээр дурдсан үндсэн цалин багаар тавиад нэмэгдэл авдаг газруудаа цэгцэлмээр. Хувийн хэвшлийнхэн дунд нийтээр амрах өдөр амраад цалин авдаг ажилтан ховор. Харин төрийн албан хаагчид хэдэн ч өдөр амарсан цалингаа бүтэн аваад сууж байдаг энэ үед хувийн хэвшлээ татвараар дарамтлах нь хэр оновчтой эсэхийг ч эрх баригчид тунгаах биз ээ.
Үүнийг бичихийн учир нь, шүүгч гэж хэн болох, тэдний ажил ямар болох талаар мэдээлэлгүй олон нийт цалин гэсэн мөнгөн дүнгээр асуудалд ханддагаа өөрчлөхийг л хүссэн юм. Тэртэй тэргүй бүгд л тэдэн рүү шүлсээ үсчүүлж байгаа энэ үед шүүгчдээ ганц удаа өмөөрье, яадаг юм.
Г.НАРАН