Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Түүнийг Тагнуулын Ерөнхий газраас С.Зоригийн аллагын хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан байцаасан байна.
Энэ талаар С.Бат-Үүл “2000 онд хуулийн наад захын шаардлага, заалтуудыг зөрчин гэм хийгээгүй байхад “Ганц худаг”-т хорьж байсан. Тухайн үед намайг баривчлах гэж буй талаар мэдээгүй байсан учир олон түмэндээ үгээ хэлж чадалгүй хоригдож байсан. Дахин ийм үйл явдал гарч болзошгүй байгаа учир та бүхэнд хандан болж буй үйл явдлын талаар мэдээлэх гэсэн юм. 1998 оны намар С.Зоригийн амь насыг зэрлэг, балмадаар хөнөөсөн. Хэрэг гарсан орой намайг гэртээ байхад Нийслэлийн цагдаагийн дарга дарга Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд хэргийн газар дээр дагуулж очсон. Намайг очиход олон хүн бужигнаж байсан. Хэргийн газрыг хамгаалалтад авалгүй олон хүнийг бужигнуулсан байсан нь үнэхээр гайхмаар санагдсан. Тухайн үед хэргийн газарт очоод бусадтай адилхан цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржийг ирэнгүүт хамт байж байгаад цуг явсан. Гарахдаа цагаан цэнхэр малгайгаа мартсан байв. Хэрэг болсны дараа надаас гэрчийн мэдүүлэг авсан. Намайг малгайгаа мартсан гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тухайн үед мөрдөн байцаагч Цогтбаяр надад малгайг маань буцааж өгч байсан. Үүнээс хойш надаас ямар нэгэн мэдүүлэг, байцаалт аваагүй. Гэтэл 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын үед мөрдөн байцаагч Цогтбаяр дахин дуудаад “Хэргийн газарт орхисон малгай чинь байна уу. Танд байгаа бол аваад хүрээд ир” гэсэн. Малгай маань байсан. Тэгсэн миний малгайг авангуутаа “Энэ малгай хэргийн газраас олдсон учраас сэжигтнээр татаж байна” гэсэн. Тэгээд намайг сэжигтнээр татсан. Уг аргаар улс төрийн маш том кампанит ажлыг явуулсан. Тухайн үед намайг яаж гүжирдаж, доромжилж байсныг та бүхэн мэднэ. “Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ” гэсэн номыг бичин гаргаж миний нэр дэвшсэн тойрогт тараасан. Уг номонд намайг аймшигтайгаар гүжирдсэн байдаг. Энэ номыг Дожоодорж гэдэг хүн бичсэн. Дожоодорж С.Зоригийг Засгийн газрын ордны цонхоор шээсэн гэсэн шуугианыг зохион байгуулж байсан хүн. Мөн “Өнөрмаагийн хэрэг”, “Алтан цөгцны хэрэг” зэргээр шуугиулж байсан. Уг хэрэгт намайг холбогдуулан 2000 оны сонгуульд ингэж ашигласан байдаг. Уг сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж байв. Уг хэргийг гарсаны дараа “Хэргийг улс төржүүлж болохгүй. Ул мөр нь бүдгэрэх аюултай. Бие, биенээ уг хэргээр гүжирдэж болохгүй” гэж би сануулж, захиж байсан”. Хэрвээ би ийм арга хэмжээ авч, ярьж хэлж ирээгүй бол тухайн үед улс орон маань хүчирхийлэл рүү хальтрах байсан гэж боддог. Гэтэл 2000 онд намайг “Хүн зодсон” гэж гүтгээд шоронд хорьсон. Би хэнд ч гар хүрээгүй байсан. Түүнийг нь прокурор хүчингүй болгож байлаа. Мөн С.Зоригийн хэрэгт холбогдолтой гэснийг прокурор үндэслэлгүй болгож байсан юм” гэв.
Мөн тэрбээр “С.Зоригийн хэрэгт гадны улсуудаас мэргэжлийн өндөр түвшний мөрдөгч нар авчирч ажиллуулъя. Олон улсын байгууллагын дэмжлэг авъя” гэж хүртэл Ц.Элбэгдорж, С.Оюун нарт хэлж байлаа. 2000 онд намайг баривчилж сулласнаас хойш ганц ч удаа дахин байцаагаагүй. Гэтэл саяын сонгуулийн өмнө дахин намайг уг хэргээр гүжирдсэнийг та бүхэн мэднэ" гэлээ.
Түүнчлэн “Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна. Ийм зүйл хаана ч байхгүй. Хуулинд байхгүй жишиг тогтоосон. 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоолыг нэг мөрдөн байцаагч нууцын зэрэглэлд оруулчихсан байна. Зүгээр нэг мөрдөн байцаагч нууцын зэрэглэлийг тогтоодоггүй. Тиймээс би сэжигтний тогтоолыг нь зөвшөөрөөгүй. Хууль зөрчсөн тогтоолын дагуу яллагдагчаар татсан. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Хууль бусаар яллагдагчаар татсан учраас би эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй. Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Би хуулийн дагуу хаана ч очиж мэдүүлэг өгнө. Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шалгах хуулийнхаа дагуу сэжигтнээр татаж болно. Яллагдагчаар татаж, хорьж болно. Гэхдээ хууль бусаар ажиллаж болохгүй. Хуулийн дагуу л яв. Хууль бус болохоороо л өөр зорилготойгоор шалгаж байгаа нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж ингэж шалгаж байж магадгүй. Яллагдагчаар татсаны дараа хэрэгт холбогдолтой нотлох баримтуудыг олохоор ажиллаж байна. Нотлох баримтаа хангалттай олсоны дараа яллагдагчаар татдаг биз дээ” хэмээн мэдэгдлээ.