09.19

С.Сарнай: Жүжигчдийн амьдралыг илүү ойлгож, илүү хүндлэх болсон

“Хас урлан” фильм, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл "Галзуу зугаалга” уран сайхны киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар Критопер Мартин, продюсераар С.Өлзийхүү, Б.Шүүдэрцэцэг нар ажилласан юм. Энэ сарын 23-нд нээлтээ хийх уг кинонд жүжигчин Г.Золбоот, Б.Аваажав, Э.Энхболд, Л.Алтанхуяг, Х.Баярмаа, Б.Отгонтуяа, Х.Намуун, А.Энхжин, С.Сарнай, Б.Баттогтох, Э.Баярмагнай, Га.Золбоот, А.Ялгуун нар тоглосон байна. Мөн загвар өмсөгч С.Сарнай, Э.Энхболд нар анх удаа дэлгэцийн бүтээлд хүч сориод байгаа билээ. Тэгвэл загвар өмсөгч С.Сарнай кинонд тоглосон талаараа  ”Анхны кино болохоор хэцүү байсан. Жүжигчдээр их зүйл заалгалаа. “Яг түүн шиг” шоунд орж байхад ч гэсэн амархан байгаагүй. Мэргэжлийн дуучин биш хэрнээ дуучидтай өрсөлдсөн. Эхний хоёр шатны шалгаруулалтын үеэр нэлээд сандарсан. Харин гуравдугаар шатнаасаа тайвширсан. Яг түүн шигээ киноныхоо эхний зураг авалт дээр сандраад үгээ хэлж чадахгүй байсан. Уйлдаг хэсэг дээрээ яаж уйлахаа мэдэхгүй байлаа. Харин сүүлдээ тайвшраад, хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсоод дажгүй тоглосон. Уйлдаг хэсэг дээрээ өөртөө тохиолдсон хэцүү үеэ эргэн санаж уйлах гэх мэтээр суралцангаа тоглолоо. Энэ хугацаанд жүжигчдийн амьдралыг илүү ойлгож, илүү хүндлэх болсон. Бас ямар ч зөвшөөрөлгүй киног нь хувилаад зарчихдаг, вэб сайтуудад тавьчихдаг хүмүүсийг үзэн ядаж эхэлсэн” хэмээн ярьжээ.