09.22

Хувьчлал дагасан хуудуу…

Хувьчлалыг дараагийн гарц гэж харах уу гэдэг асуудал ид яригдаж байгаа. Хэрэг нь гарсан гээд татан буулгагдсан Төрийн өмчийн хороог шинэ Засгийн газар шинэ нэрээр байгуулсан нь, хувьчлалд эрх баригчид том анхаарал тавих юм байна гэсэн мессежийг нийгэмд өгөөд байгаа. Энэ цаг үед хөрөнгийн зах зээлийн зарим шинжээчид хэлэхдээ Засгийн газар зоригтой хувьчлалыг эхлүүлэхэд буруудахгүй гээд буй. Үйл ажиллагаа явуулж байгаа 130 төрийн өмчит компани бүгдээрээ алдагдалтай. Улс ийм алдагдалтай ажилладаг компаниудаар яах юм. Үүний оронд төр тогтвортой татварын бодлого явуулж, хувийн хэвшилд боломж олгох аргачлалыг чухалчлах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудаа төсөвт ачаалал өгүүлж байхаар нь зарах хэрэгтэй. Харин энд гадны хөрөнгө оруулагчдыг дайчлах аргачлалыг хэрэглэж болно… Дундаж төрийн өмчит компани бүрийн хувьчлалаас 20-30 тэрбум олох боломж байгаа. Монголд 10 их наяд төгрөгийн төрийн өмч байна. Янз бүрийн ашиггүй ийм зүйлүүдээ хувьчлахад эдийн засгийн хувьд маш их эерэг нөлөө дагуулна. Айлаар ярих юм бол гэрт байгаа хэрэгтэй, хэрэггүй юмуудаа ангилж, хэрэгцээнд шаардлагагүй зүйлсээ зараад явах гарц байна.” хэмээн хэлж байгаа.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэлэхдээ “хямралын үед хувьчлал явуулах нь  төрийн өмчийг үнэгүйдүүлэх, эцэст нь хямд өртгөөр өөрсдөө авсан гэх муу нэр зүүх аюултай. Тиймээс сайтар бэлтгэл хийж, олон улсын зах зээлд IPO хийх маягаар худалдах нь улсад ашигтай. Энэ бүгдийг бодолцох ёстой юм. 2017 онд ямар төрийн өмчит компанийг ямар аргаар хувьчлах вэ гэдгийг бид судалж байна. Саналаа Засгийн газарт хүргүүлнэ. Эцсийн шийвэрийг УИХ гаргана.” гэж байна.

Ер нь бол төсвийн орлогын тасалдлын тодорхой хэсэг хувьчлалаас орж ирнэ гэж тооцсон орлого орж ирээгүйд байгаа гэдгийг ярьцгааж байгаа.Ц.Ням-Осор хэлэхдээ  “Оргил” рашаан сувиллыг 15 тэрбум төгрөгөөр хувьчлахаар нээлттэй дуудлага худалдаа зарласан боловч нэг ч санал ирээгүй юм билээ. Мөн Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчилж, улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яамны ажлын хэсэг гарсан ч хувьчлал хийгдээгүй гэж байгаа юм. За харин томоохон үйлдвэр компаниудын хувьчлалын асуудлаар хэлэхдээ “Эрдэнэт”, “Монросцветмет”, МИАТ, Улаанбаатар төмөр зам зэрэг томоохон компаниудыг яарч хувьчлах нь үр ашигтай биш гэж байна. Гэхдээ эрх баригчид ямартай ч хувьчлалын алхмыг хийх нь ойлгомжтой байгаа.

Манай тухайд хувьчлалыг явуулж ирсэн туршлага бий. Гэхдээ бараан туршлага гэхэд болно. Ямартаа л хувьчлалд нь хуудуу орсон гэх үйлдвэр, компаниудтай холбоотой мэдээлэл цөөнгүй байдаг. Тухайлбал, “Хар дэвтэр”-т хувьчлалын талаар өгүүлсэн зүйлсээс ишлэхэд:

– Худалдаа хөгжлийн банк /ХХБ/- ны дүрмийн санд ажиллагчдаас оруулсан хөрөнгийн байдлыг шалгаж СЭЗЯ, ХЗДХЯ, Монголбанктай хамтран авч хэлэлцсэн байна.

Төрийн өмчийн хорооноос ХХБ-ны гүйцэтгэх захиралтай 1997 оны 1-р сарын 6-ны өдөр байгуулсан гэрээнд “… төлөвлөгөөнөөс давсан ашгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг бүтэн жилээр тооцож олгоно” гэж заасан боловч тус банк 1997 онд төлөвлөсөн ашгаа 25,8 хувь буюу 208,1 сая төгрөгөөр тасалдуулсан байхад тухайн оны ажлын үр дүн гэж тус банкныханд 90,4 сая төгрөгийн урамшууллыгхууль бусаар олгосон бөгөөд ХХБ дүрмийн сангаа үндэслэлгүй 57,4 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон байсныг шалган холбогдох шийдвэрүүдийг ТӨХ-ны хурлаар хэлэлцүүлэн, Төрийн өмчийн агентлагийн даргын 1998 оны А/61 тоот тушаалыг ТӨХ- ны 2001 оны 330 дугаар тогтоолоор хүчингүй болгож, тус банкны дүрмийн сан дахь төрийн оролцоог 70 хувь байсныг 76 хувь болгон нэмэгдүүлж өөрчлөх арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд ХХБ-ны хувьчлалаас орох орлого 996,0 мянган ам доллароор нэмэгдсэн.

-Булганспирт ТӨҮГ-ын хувьчлалын маргааныг ТӨХ хянан үзэж, хувьчлагдах хөрөнгийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад буруу ташаа өгсөн, хүлээлгэн өгөх үед хөрөнгө дутагдсан гэсэн үндэслэлээр уг ТӨҮГ-ыг дахин дуудлага худалдаанд оруулахгүйгээр зөвхөн худалдан авагчийн эрх ашигт нийцүүлэн, ямарч тооцоо, баримтгүйгээр нийт төлбөрийн хэмжээг 50 хувь хөнгөлөн 56,3 сая төгрөгийг иргэн Догсом овогтой Ганпүрэвт хууль бусаар буцаан олгохоор шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 1998 оны 600 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Догсом овогтой Ганпүрэвт буцаан олгосон 56,3 сая төгрөгийг нэхэмжлэн авч төсөвт оруулах шийдвэр гаргасан боловч төлбөр хийгдээгүй байна. Энэ мөнгийг төсөвт оруулах асуудлыг шуурхайлах шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна. Авлигыг архивлана…

– Төрийн өмчийн 14 дүгээр байр буюу Иргэний Агаарын Тээврийг Удирдах Газарт байсан зочид буудлын цогцолбортой холбогдсон баримт бичиг, шүүхийн шийдвэр, бусад материалуудтай танилцахад дараахь байдалтай байв. Засгийн газрын 1999 оны “Төрийн өмчийн байрыг худалдах тухай” 32 дугаар тогтоол гарч уг тогтоолд: “Өмч хувьчлалын хууль, тогтоомжинд заасан журмаар худалдагдахгүй байгаа Төрийн өмчийн 14 дүгээр байр /ИАТУГ-т байсан зочид буудлын цогцолбор/-ыг “нийтийн дуудлагын худалдаанд оруулж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулах журмаар худалдахаар тогтоосугай” гэжээ.

Үргэлжлэлийг