Нэлээд хэдэн жилийн өмнө 91 настай эмээ өргөмөл хүүгээ хөнөөлгөхөөр телевизийн чаатаар захиалга өгч, нэг хэсэгтээ л дуулиан дэгдсэн. Ингэснээр "Чаатны эмээгийн хэрэг" гэх хавтаст хэрэг үүссэн удаатай. Тухайн үед энэ асуудлаас болж телевизийн суваг бүрээр шахам гардаг байсан "ТВ чаат" гэгчид хяналт тавьдаг болсон гэж болно. Тухайн үед 91 настай эмээ өргөмөл хүү нь зоддог байснаар ийн бусдад захиалга өгөхөөр болсон гэдэг. Тиймдээ ч чаатны эмээг битүүдээ зөвтгөх нэгэн байсан билээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө долоон настай хүүг захиалгаар хороолгосон гэх хэрэг гарч, олон нийтийг хэрдхийлгээд байна. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд, есдүгээр сарын 7-нд шилжих шөнө амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан.
Энэхүү хэргийг Хэрлэн сумын Цагдаагийн газраас шалгаж, Шүүх шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар талийгаач хүүгийн үхэл гадны нөлөөтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Бяцхан хүүгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх энэхүү хэрэгт талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат Ц болон тус аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарыг холбогдуулдан шалгаж байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар, хүүгийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан. Сэжигтэн С, дотно харилцаатай Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Сэжигтэн Б, Ц нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар бүлэглэж, урьдчилан тохиролцсоны үндсэн дээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн зүйл ангиар саатуулан шалгаж байгаа аж.
Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэх Б нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.
Долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөх болсон нь амрагийн явдалтай холбоотой байгаа нь нийгмийг цочроож, олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь хүүгийн эцэг нь С гэгчтэй дотно харилцаатай байсны эцэст хүүгээсээ болоод өөртөө нь амьдрахгүй гэснээр нууц амраг нь захиалга өгч хүүг хөнөөлгөсөн нь энэ. Үнэндээ эцэгтэй нь суухын тулд долоохон настай хүүгийн амь насыг 200 мянган төгрөгөөр үнэлж захиалгаар хөнөөлгөтлөө монгол хүний сэтгэлгээ ядууралд хүрсэн нь энэ. Эрхэлсэн тодорхой ажилгүй тэр эмэгтэйд долоохон настай хүүхэд хөнөөлгөх 200 мянган төгрөг, бузар санааг нь гүйцээх хүн олдсон нь аймшигтай. Өдөр бүр шахам хүний санаанд оромгүй хэргүүд гарч байгаа ч адилхан эх хүн өөрийнхөө хүүхдээс ялгаагүй бусдын үрийг захиалгаар хөнөөлгөтлөө зэрлэгшсэн гэхээр харамсалтай.
Г.НАРАН