Чинэрсэн дэлэнгээ дааж ядан шогших халтар жингэр сүүлээ хавчин ийш тийш сэрэмж алдах вий гэж болгоомжлон газар үнэрлэн шогшино. Харваас гөлөглөөд удаагүй эх, нүдээ ч нээж амжаагүй хэдэн үрдээ дэлэн дүүрэн сүү амлуулах гэж өдөржин хоолны эрэлд шогшжээ. Охин амьтан болж төрсөн нь түүнийг гудамжны золбин болгох хувь тавиланг тохоожээ. Эхээс тавуулаа унасан ч эр гөлөгнүүд нь айл гэрийн үнэнч нөхөр, манаач болохоор хүн амьтан хадаг барин гуйж авчээ. Хөөрхий охин гөлөг ижийтэйгээ үлдсэн ч эзэндээ адлагдан хоцров.
Нүдээ ч нээгээд удаагүй бяцхан гөлөгийг эзэн нь “Охин гөлөг дэмий байдаг юм. Эхээс нь төөрүүлээд хол аваачиж хаявал таарна” гэж үүрэгдсэнээр шилэн хүзүүнээсээ овоодуулан эзгүй гудамжны мухарт хаяагджээ. Ээжийнхээ мөөмийг хайн өмөлзөх нялх гөлөгийг олж харсан дүрсгүй жаалууд овоодон дээш өргөж хүйсийг нь харсанаа “ Өө охин юм байна” хэмээн газар шидээд бөмбөг мэт өшигчив. Тэр өвчин гээчийг ч мэдэхгүй нялх амьтан.
Ээжээ нүдээ нээчлээ ямар хөөрхөн юм бэ? Гэх дуунаар саарал гөлөг ижийнхээ мөөмийг амтархан үлгэж буй мэт өмөлзөн сая бүрэлзэн харагдах орчноо харав. Гөлөгийг нүдээ нээсэнд нь баярлах хоёр бяцхан жаал түүний ирээдүйн эзэн байлаа. “Ивийдээ бас л нэг амьтаны үр, миний хоёр хүү саяын муу задарсан хүүхдүүд шиг амьтаны нялх үр төлийг шоглож болохгүй шүү, нүгэл хураадаг юм. Наад жаахан бантангаа дөхүүл” гээд саарал гөлөгний бяцхан аманд тааруулан хайчилсан хуванцар сав түлхлээ. Ингэж л ижий хүний гарт амьсгал нээсэн саарал гөлөг, одоо үрийнхээ төлөө турж эцэтлээ хоол хайн шогших эх болжээ.
Мядаг хүүхдүүддээ хоёр идүүлэхгүй хоосон хонуулахгүй энэ биеэ зориулж яваа эх. Бурхан эм хүйстэй болгоныг үр төрүүлж, үрийнхээ төлөө насан туршынхаа аз жаргалаа золиосллуулахаар шийтгэсэн мэт. Гэр хорооллын умгар хашаанаас хоёр эх хэдэн үрийнхээ хоногийн хоолыг залгуулахаар ургах нартай уралдан цувж гарна. Нэг нь хүн, нөгөө нь нохой. Хоёр эхийн зорилго нэг. Мядаг жаал жуул цуглуулсан хэдэн бороосоо илүүчлэн хатгамалын утас авч орчлонгийн элдэв бүхнийг сэтгэлдээ ургуулан шаглана. Үүр цайтал оёсон хатгамалаа торлоод зах явахдаа хэн нэгэн буянтан хатгамалыг минь авч хоёр үрийг минь хоногийн хоолтой нь залгуулаасай гэж газар шагайн дотор хүнтэйгээ ярилцана. Гарынхаа өндгийг цоолон байж хатгасан хатгамалыг нь зарим үед овоо хэдэн бороор авах ч, хүн тоож ч харахгүй үе бас бий. Энэ үед Мядаг хүнээс нүүрээ буруулан байж гудамжнаас шил лааз цуглуулан ганц шөнийн өл залгах талхны булан аваад сая сэтгэл амран гэртээ харина. Ингэж явахдаа гудамжны архичдад олсон хэдэн лаазаа булаалгах, бусдын эзэмшилийн газарт дураар халдсан болж гадуурхагдах үе ч бий. Гэвч түүнд бусдаас гуйж олсон мөнгөөр амьдрах хүсэл үгүй. Хоёр үр нь эрийн цээнд хүрч бусдын гар харалгүй сайхан амьдрах итгэлийн гэрэл сэтгэлд нь бадарч буй болохоор.
Халтар жингэр хоолтой золгох хамгийн амар газар бол мах худалдааны зах. Энд үмх мах горилсон олон ноход бий. Махны ченжийн гарыг нүд алдалгүй ширтэх ноход. Газар унасан махыг биенээсээ харамлан хэмлэлдэнэ. Хөөгдөж туугдан чулуу, модоор шидүүлэн, бусадтай булаалдан эрэгчиэ эмэгчнээ үзэлсэн байж хоосон ходоодоо үмх махаар мялаална. Эвий дээ охин амьтан хэмээн мах шидэж өгөх хүн байхад, золбин гичий хэмээн хөөж туух нь элбэг. Хоосон ч гэлээ дэлэн нь чинэрэх мэт санагдахад хэдэн үр нь сүүгээ үгүйлж буйг сануулах эхийн зөн өөрийн эрхгүй дасал болсон үүрлүү нь дуудна. Хэдэн гөлөг нь нь нүдээ нээж бор хоолонд орох цагт шинэ эзэд нь гэрээ сахиулах манаачаар аваад явна.
Гэвч эх энэ тухай юу ч эсийг бодно.
Орой нар хэлбийхийн алдад гэр хорооллын умгар хашаанд хоёр эх цувран орж ирлээ. Нэг нь хүн нөгөө нь нохой. Халтар жингэр дэлэнгээ дэлгэн хэвтэхэд гөлөгнүүд нь арвалзан эхийнхээ сүүг амтархан идэх нь жаргал. Ээжийгээ хүлээн галаа өрдөн, гэрээ цэмцийтэл цэвэрлээд халуун цайг нь аягалах хоёр жаал ижилхэн бор тагшаа барин хоолоо болохыг хүлээх нь амьдрал. Энэ бүхнийг холбох гэр хорооллын буйдхан энэ хашаанд нэг зам бий. Тэр зам үрээ гэсэн ижийн сүүн зам ажээ.