10.07

”Хөрсөндөө” буусан төсөв баталж байж 2017 онд бондын их өрийг төлөх боломжтой

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороонд нь хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүргүүллээ. Ойрын өдрүүдэд хамгийн их анхаарал татаж буй сэдэв бол яалтчгүй ирэх оны төсөв юм. Өдрөөс өдөрт өрийн дарамтанд орж буй манайх шиг улсад нэн түрүүнд хэрэгтэй зүйл бол илүү зардлаа танаж төсвийн сахилга баттай болох явдал юм. Харин ингэхдээ хоногийн хоолондоо хоёр зүсэм талх хэрэглэж буй иргэдийнхээ нуруун дээр ачааны хүндийг үүрүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэж элдэв татварын хувь хэмжээг нэмэхгүй байх ёстой. Мөн ахмад настангуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудлыг хэрхэвч сонгож болохгүй билээ.

Тийм ч учраас энэ удаагийн Засгийн газраас оруулж ирж буй төсөвт цалин бууруулах, татвар нэмэх зэрэг асуудлуудаас нэгийг ч тусгаагүй юм. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм байна.

Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх, тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг”олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан байна. Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгажээ.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангахаар байгаа юм. Мөн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгажээ.

Ийнхүү ямартаа ч шинэ Засгийн газар улайсан данстай улсын төсвийг засч залруулах ээлжит чухал алхамаа амжилттай хийж байна. Одоо өдрөөс өдөрт төсвийн сахилга батыг сахиулж, шаардлагагүй тансаг хэрэглээг цаг үргэлж танаж хасах хэрэгтэй. Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газарт элгээрээ хэвтсэн эдийн засгийг эргэн сэргээх чухал үүрэг энэ дөрвөн жилийн турш ноогдох болно. Тиймээс эхнээсээ хэрхэн зөв ажиллахаас нь шалтгаалж дөрвөн жилийн дараа "мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газарт дүнгээ тавина биз ээ. Ер нь чадахгүй байж баахан хий хоосон зардал тооцоо гаргаж тавьчихаад дараа нь төсвөө тодотгодог хачин зуршлаа халах нь зүйтэй.

Ч.Ган

www.zaluu.com