-Би 76 хүү, бодтой шатрын өрөгт “сул хүү” байгаагүй юм шүү-
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Г.Уянгыг урилаа.
АН-ын жоомыг алах гээд гэрээ шатааж байгаа хэрэг биш үү
-Юуны өмнө таниас Засгийн газрын үйл ажиллагааны талаар асуумаар байна. Уг нь МАН-ынхан сонгуулийн өмнө ард түмэндээ их гоё мөрийн хөтөлбөр танилцуулсан. Гэвч ялалт байгуулсныхаа дараа эдийн засаг хүндэрсэн, амаргүй байна гэж гомдоллоо. Та өмнөх парламентад байсан хүн. Энэ ч утгаараа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар одоо төр барьж байгаа зарим хүнээс ч илүү мэдээлэлтэй байгаа байх. Ингэхэд өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын мөнгөний авдар үнэхээр хоосорчихсон юм уу?
-Баларсан Монголыг аврахаар тэнгэрээс гэнэт бууж ирсэн аврагч бурхан МАН лав биш. Өнгөрсөн 26 жилийн бүх алдаа онооны ачааны хүндийг үүрэх ёстой, хариуцлага хүлээх учиртай улстөрийн хүчин МАН мөн үү гэвэл тийм. Монголчууд бүгдээрээ үүнийг мэдэж байгаа. Гэтэл эрх баригчид “Өнгөрсөн дөрвөн жилд л баллаад хаячихаж...” гэж халаглаад, гараа хумхиад суух нь үнэндээ ичмээр байна. Энэ халаглалыг сонссон ямар ч хүний зэвүү, дургүй хоёр хүрэхээр байна. Уг нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг сонгогчид аль эрт мэдээд “Зас, ажилла” гэж тэдэнд үнэмлэхүй суудал өгсөн. Түүнээс биш МАН-ынхныг хойшоо хараад гомдоллоод, хэрэлдээд бай гээгүй. Нөгөө талаар АН-ыг эрх барьж байхад гадаад өр огцом өссөн нь үнэн. Гэхдээ ийм буруу алхам хийлгэхгүй байх бодит эрх мэдэл МАН-д байсан шүү дээ. Тэр ч бүү хэл МАН-ын зарим гишүүн цахдаж, чаргууцалдаж байгаад хувь хүртсэн. Тиймээс авсан зээлээ нэр бүхий гишүүд нь хариуцан төлөх ёстой. Тэр өрийн дийлэнх нь өнгөрсөн 26 жилд улс төрийн дээд эрх мэдэлд ойр байсан тодорхой хүмүүсийн нэр дээр бичигдсэн байгааг энд сануулъя! Улс өртэй гэж олон түмнийг айлгаж цочоохын оронд нэр дээр нь өр бичигдсэн этгээдүүдийг зарлаж, олон нийтийн шахалтаар төлүүлэх арга хэмжээ авахаас ажлаа эхэлбэл ямар вэ гэж эрх баригчдаас асуумаар байна.
-Ард түмэн таны саналыг дэмжих байх шүү?
-Эдийн засгийн тухайд амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөгийн энэ нөхцөл байдал МАН-ын оролцоотойгоор бүрэлдэн тогтсон. Өрийн асуудал хүндэрсэн нь мөн л МАН-ын оролцоотой. Намайг парламентад байхад өрийн тоо хэмжээг хоёр Засгийн газар дамнуулан цэгцэлж мэдээлсэн. Засгийн газраас албан ёсоор зарласан Монгол Улсын нийт өр 23 орчим тэрбум ам.доллар. Үүнээс 10 их наяд орчим төгрөгтэй тэнцэх өр нь Засгийн газрын гадаад өр. Гадаад өрийг цэвэр Засгийн газрын өр, Засгийн газрын баталгаагаар авсан аж ахуйн нэгжүүдийн өр гэж хуваавал 1/3 нь Засгийн газрын өр гэж байсан. Одоо энэ тоо нэмэгдсэн байх учиртай. Наад зах нь “Эрдэнэт”-ийг авсан хагас тэрбум, сонгуулиар иргэдээс “Таван толгой”-н хувьцааг худалдан авч цааш дамжуулахаар төлөвлөж зарцуулсан хагас тэрбумыг нэмэх ёстой байх. Энэ тэрбум нь Засгийн газрын баталгаатай ХХБ-ны бонд. Мөн Засгийн газрын өр байх магадлалтай. Чуулган эрт завсарласан учраас энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Ч.Сайханбилэг нар араар юу ч хийсэн байж магадгүй. Яагаад гэвэл чуулган завсарлаж байхад энэ тэрбумын талаар хэнд ч албан ёсоор мэдээлээгүй.
-Огт мэдээлээгүй гэж үү?
-Тийм.
-Өрийн тухай асуудал жирийн иргэдэд сайн ойлгогдохгүй байна. Зарим нь энэ өрийг Монгол Улсын нийт өр гэж байхад нөгөө хэсэг нь “Энэ өрний тал нь Засгийн газрын, мөн аж ахуй нэжгүүдийнх” гэх жишээтэй. Ер нь бол хэн нь ч авсан бай өр л бол өр. Тэр өрийн хэмжээ нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад бас л нөлөөлж байна?
-Ер нь өрийг ингэж ангилаад Засгийн газрын цэвэр гадаад өр багассан дүнтэй гарлаа ч тайвшрах үзүүлэлт биш. Төсвөөсөө давсан өртэй байгаагаа тоогоор хуурч тайвшруулах гэх хэрэггүй л дээ. Гадаад өрийг тооцдог аргачлалуудаас бид хамгийн хялбарыг нь сонгож аваад байгаа. ОУВС тухайн улсын өрөнд харьяалалтай иргэдийн гадаадад төлөх ёстой төлбөрүүдийг оруулдаг. Энэ нь их зөв аргачлал гэж боддог. Гэхдээ учир бас бий, хэнийг хуурах вэ гэдэгт. “Стэнд бай” руу зүтгэж байгаа учраас өрийн энэ аргачлалыг хэрэглээд байна. Бас Засгийн газрын шинэчлэлийг өөрийнх нь Их хурал элэгдэн унагасан учраас Засгийн газар ирээдүй рүү биш, өнгөрсөн рүү харж ажиллахаас аргагүй болчихлоо. Тиймээс ингэж Монголоо хуурч байгаад орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг давъя гэж бодож байна. Гэхдээ нэг зүйлийг анзаармаар байна. Яахав энэ таагүй мэдээлэл АН-ыг муулж сонгуульд ялахад хэрэгтэй ч гадаад эх үүсвэрээс зээл авахад сөрөг нөлөөтэй. Бага өртэй тусам манай нөхцөл сайжирна. “Өрөө гурав ангилаад зарлаач” гэсэн бидний зөвлөгөөг судлаач Д.Ганхуяг бичээд хагас сар болоогүй байхад ОУВС-гийн аргачлалаар өрөө нэмэгдсэн дүнтэй хүснэгтэлж зарлаад байдаг нь хэний “зөвлөгөө” вэ. Дотооддоо нэгнээ муулах яах вэ. Тэртэй тэргүй муу үгээ барчихсан. Харин гадагшаа зарладаг нь яаж байгаа юм бол. Энэ чинь АН-ын жоомыг алах гээд гэрээ шатааж байгаа хэрэг биш үү. Бодоцгоо л доо. АН магадгүй угтаж хэрэлдсээр дөрвөн жилийн дараа 14 хувийн хүүтэй зээл авсан “коммунистууд” гэж хараасаар сонгуульд ялах юмсан гэж мөрөөдөж байгаа биз. Дунд нь улс орон сүйрч байна.
70 жилд бүтээснийг 20 жилд багтаан нураагаад 20 тэрбум долларын өр тавиад дууслаа
-Манайх зээл авбал өндөр хүүтэй зээл олдож магадгүй гэсэн байсан, эдийн засагчид?
-Тийм. гадаад өр иймэрхүү өндөр дүнтэй гарч ирээд байвал монголчууд хохирно. Зээл авбал 14,1 хувийн хүүтэй л олдож магадгүй гэж эдийн засгийн шинжээчид бичээд эхэллээ. Өрийн дарамтад орсон улс орнуудын гол алдаа нь хувийн хэвшлийнхний өрийг хяналтгүй орхисноос болсон байх юм. Үүнийг заавал давхар хянах шаардлагатай. Тэр тусмаа манай хувийнхны авсан гадаад өрийн барьцаанд Монголын ард түмний Үндсэн хуулиар заагдсан өмч, байгалийн баялагтай газрын лиценз байгааг тааж ядах юмгүй, өөр юу байх билээ. Нөгөө талаас өрийг төлөх маргаан гарвал Засгийн газрын баталгаагаар дамжин ард түмний татварын мөнгөөр төлөх болдог. Эцсийн дүндээ хошуу ноёныхоо өрийг төлөх гээд ард олон нь модоо барьдаг феодализмын үе эргэн ирж. Хэрэв тийм бол Ардын хувьсгалын эдийн засгийн ололт үгүй болсонтой адил. Тиймээс цэвэр Засгийн газрын өрөө зарлаад, баталгаагаар авсан хувийн хэвшлийн зээлийг ялгаж мэдээлээд, авсан эздээр нь төлүүлэх хэрэгтэй. Бизнесийн орчин муудсан, өлбөрч үхэх гээд “Ланд 200”-гаас олигтой машин унаж чадахаа байлаа, муусайн улстөрч, популистуудаас боллоо гэж хөлснийхнөөр баахан дайруулна биз. Тэр өрийг нь оффшороос нь авчруулаад төлүүлэх ёстой байхгүй юу. Бүхэл бүтэн улс барьцаалаад оффшорт нууж байдаг тэд хэн юм. Уул нь тэр ад үзээд байдаг социалист нийгэмд босгож ирсэн Монгол Улсын төлөөсөнд 11,2 тэрбум долларын өртэй гэсэн тооцоо гараад түүнийгээ 250 сая доллараар Н.Энхбаярын үед дарсан. Харин одоо социализмын 70 жилд бүтээснийг 20 жилд багтаан нураагаад 20 тэрбум долларын өр тавиад дууслаа даа, манай хоёр “эрх” нам. Халаглавч харамсавч барамгүй. Систем нь муу, болохгүй байсан зүйл бий, гэхдээ эдийн засгийн өөд татаад явж болох сайн суурийг тэр үед босгосон байсан юм. Тэр суурийг нурааж л болохгүй байсан. Харин одоо гэрээ шатааж болохгүй. Тиймээс хэрүүл уруул хийсэн ч болгоомжтой байцгаа, Ж.Эрдэнэбатыг мууллаа гээд юу сайжрах вэ дээ.
-Хэрэв ингэтэл хоосорсон юм бол гол шалтгаан нь юу вэ. Эрх баригчид ямар алдаа хийсэн болоод мөнгөний авдар хоосров?
-Бодлогогүйн гай. Бодох толгой, бодох төр байхгүй юм чинь бас аргагүй л дээ. Дөрвөн жилийн мөчлөгтэй улстөржилтийн хөлд Монгол орон сүйрч байна. 26 жил ээлжилж болон хамтарч төр барьчихаад МАН-аас болсон, АН-аас болсон гэж бие бие рүүгээ чихэх чинь зүгээр л инээдтэй. Хамгийн гол нь нэмж өр тавилгүйгээр байгаагаа цэгцэлье гэж бодохгүй байна. Тэдний хувьд дараагийн сонгуульд намаа ялуулахын тулд “ажил хийсэн” болж харагдах нь хамгийн чухал. Гаднаас өндөр хүүтэй өрийн бичгээр олсон мөнгөө эдийн засгийн үр ашиггүй төслүүд, танил тал, ах дүү, сонгуульд намдаа хандив өгөх компаниудад бас өөрсдийгөө ч, нөгөө намын найзуудыгаа ч гомдоолгүйгээр зүгээр л цацсан. Наад захын жишээ гэхэд мөнгийг нэг гишүүн тойрогтоо аваачаад, аймгийнхаа төвд бараг л боодолтой мөнгө өрөөд зам тавьчихаж байна. Ийм байхад яаж эдийн засгийн үр ашиг гарах вэ дээ. Үнэндээ өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар баахан мөнгө үр ашиггүй зарцуулсан. Ядаж л тавьсан замынхаа засварыг даахын тулд хураамж авдаг системд анхаарах хэрэгтэй гэхээр, “Уулзвар дээр түгжирч удаан зогсохгүй болсноор машин болгон балга бензин хэмнэнэ. Машин болгоны энэ хэмнэлтийг тооцвол асар их мөнгө” гэж байсан. Ийм зүйл яриад байгаа хүмүүстэй юу ярих билээ. Зээлийн мөнгөөр тавьсан замынхаа үр ашгийг ингэж л тооцдог Хөгжлийн сайдтай байсан хүмүүс шүү дээ, бид чинь.
-Товчхондоо өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндэрсэнд МАН, АН аль аль нь буруутай гэх гээд байна аа даа?
-Тиймээ, буруу ажил хийсэн хүмүүс бүгд буруутай. Магадгүй тэд зөв гэж бодоод буруу зүйл хийгээд байсан байж мэднэ. Тэгвэл бурууг нь мэдсээр байж түүнийг нь хийлгээд байсан хүмүүс хийснээс нь ч илүү буруутай гэж би боддог. МАН-д энэ алдаанаас зайлах ямар ч нүх сүв байхгүй, уучлаарай гэх байна. Үүнээс гадна энэ асуудалд олон нийт ч буруутай. Тэнд зам тавьсан бол энд тавь, сургууль, цэцэрлэг, соёлын төв, явган зам барь гэсээр гишүүд нь барьцаанд орж улсын төсвийн уутыг гөвсөн. Үүнээс болоод Засгийн газрын зөв менежмент хийх бололцоог парламент нь хаасан. Үүнийг популизм гэдэг юм. Энэ популист суурин дээр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг үрлэгэн, нугалсан ашигтай тендер авч баяждаг компаниуд ашиг завшаан олох гэж авилгыг хавтгайруулсан. Үүн дээр нь банкууд тоглож, өндөр хүүтэй мөнгө хүүлсэн. Үнэндээ хэт ашгаар хөөсөрсөн эдийн засгийн хөөс л хагарч байна. Эцэстээ энэ бүхний өртгийг улс даахаа байхаар өр тавьж эхэлсэн, хийсэн ажлынхаа мөнгийг авч чадаагүй компаниуд дампуурсан, зээлээ төлүүлж чадаагүй банкууд ч хүнд байдалд орсон. Бүгдээрээ буруутай, буруутайнхаа хэмжээгээр зовлонгоо үүрцгээж байгаа. Ийм л юм болж байна.