10.11

Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын мөнгөөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихав уу

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн мэдээ дуулгая, “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх боллоо” хэмээн олон нийтэд мэдээлсэн. Олон нийт энэ мэдээллийг хоёр талтай хүлээж авсан ч “Эрдэнэт” үйлдвэрээс Оросын талаас 49 хувийг худалдаж авсан мөнгийг тойрсон асуудал өнөөг хүртэл анхаарал татсаар байгаа юм. 
Тухайн үед Худалдаа хөгжлийн банк “МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон “Монгол зэс” компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна.  ОХУ-ын “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд “Эрдэнэт” үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдэж байв.  
Түүнчлэн тус банкны захирал О.Орхон Эрдэнэтийн хувьцааны талаар  “Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. Худалдаа хөгжлийн банк бол санхүүжүүлэгчдийн нэг” хэмээсэн. 
 Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэд хоногийн өмнөөс “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тодруулбал, тэрбээр  “2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараагаас “Эрдэнэт”-ийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал ороод эхэлсэн байдаг. 2013 онд Сингапурт болсон уулзалтын дараагаас асуудал яригдаж эхэлсэн бөгөөд 2014 онд ОХУ хувьцаа эзэмшигчээ солих санал ирүүлсээр 2015 оны 10 сарын 22-нд тэр гэрээ батлагдсан. Хамгийн сонин 2015 оны дөрөвдүгээр сард Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын үнэт цаасны баталгааг Засгийн газраас гаргаж өгсөн. Хамтарсан Засгийн газар байх үед л дээ” хэмээн ярьсан. Ингэхээр Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаагаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаад авчихав уу гэдэг асуулт гарна. 
Ямартай ч Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллар босгож Эрдэнэтийн 49 хувийг  авсан гэх асуудлыг, уг мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Монголбанк хүлээгээд байгаа юм. Тус шалгалтын дараа энэ асуултын хариулт тодорхой болох биз  ээ.
Г.НАРАН