02.13

Л.Батцэцэг: Сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч болохгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасах асуудлыг ярьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд сурагчдад эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг дутмаг олгодгийг шүүмжлэх иргэн олон. Үүнээс шалтгаалж өсвөр насны хүүхдүүд БЗХӨ тусах нь ихэссэн. Мөн насанд хүрээгүй охидын төрөлт, жирэмслэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн албаны дарга Л.Батцэцэгтэй ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасах асуудлыг ярьж байна. Таны бодлоор эрүүл мэндийн хичээлийн мэдлэгийг сурагчдад өгөхгүй байх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн хичээл цагаар ордог байсан. Учир дутагдалтай зүйл олон байв. Мэргэжлийн эмч тухайн хичээллийг заадаггүй. Багш нар заадаг байлаа. Тэгэхээр мэргэжлийн эмч биш учраас сурагчдад бүрэн гүйцэд мэдлэг өгч чаддаггүй байсан. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч болохгүй. Хэрэв хасчихвал хүүхдүүд ЕБС-иас эрүүл мэндийн ямар ч мэдлэггүй төгсөнө шүү дээ. Эрүүл мэндийн мэдлэг авах ямар ч эрхгүй болж байна гэсэн үг л дээ. Уг нь эрүүл мэндийн хичээл сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх ёстой. Хүүхэд өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл авах хэрэгтэй. Ирээдүйд эцэг, эх болно. Тэгэхээр багаас нь энэ талын боловсролыг олгох хэрэгтэй гэж бодож байна.

-ЕБС-д их эмч ажиллах ёстой. Гэтэл ихэнх сургуулиудад сувилагч ажиллаж байна гэх шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан тохиолдолд энэ үүргийг биелүүлэх гол хүн бол ЕБС-д ажиллаж байгаа эмч нар юм. Сургуулиудад ажиллаж буй эмч нарын бүтэц бүрэлдэхүүн, мэргэжлийн чиглэл, чадварыг нь харгалзан үзэхэд шаардлага хангасан эмч байдаггүй. Ихэнх нь тэтгэвэрт гарчихсан бага эмч хийж байсан эсвэл сувилагч байдаг. Сурагчдад мэргэжлийн эмчийн төвшинд зөвлөгөө өгч чаддаггүй. Тэгэхээр ЕБС-ийн удирдлагууд их эмч авч ажиллуулах хэрэгтэй.

-Өсвөр насны хүүхдүүд БЗХӨ тусч, төрөлт, жирэмслэлт залуужиж байгаа. Өнгөрсөн онд хэчнээн өсвөр насны охид төрсөн бэ?

-20-иос доош насны охид төрөхийг өсвөр насны төрөлт жирэмслэлт гэж үздэг. 2011 онд 2700 охин төрсөн статистик дүн мэдээ бий. Харин 2013 онд 4000 болж өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ер нь жил ирэх тусам өсвөр насны төрөлт, жирэмслэлт нэмэгдэж байна. Энэ нь ЕБС-д эрүүл мэндийн хичээлийн мэдлэгийг сайн олгож чадахгүй байгаа. Мөн эцэг, эхчүүдийн хараа хяналт сул, хүүхэдтэйгээ БЗХӨ хор хөнөөл, бэлгийн харилцаанд эрт орвол ямар сөрөг нөлөө гардаг талаар ярилцдаггүйтэй холбоотой. Сурагчид БЗХӨ тусах нь ихэссэн. Тэмбүү, трихомониаз, заг хүйтэн өвчин өсвөр насны болон залуучуудын дунд ихэсч байгаа.

 -Арван хоёр настай охид төрж байна. ЕБС-ийн хэчнээн сурагч эх болов. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас судалгаа хийдэг үү?

-Өсвөр насны охидын төрөлт ихэсч байгаа. Одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй. Судалгаа хийж байна. -Үр хөндөлт хийлгэх охидын тоо нэмэгдэж байгаа гэдэг. Нийслэлийн хэмжээнд албан ёсны эрхтэй хэдэн эмнэлэг байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 1000 орчим хувийн эмнэлэг үйл ажил лагаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн эмнэлэг нэлээд хэсгийг эзэлж байна. Эх барих эмэгтэйчүүдийн 116 эмнэлэг бий. Үүнээс 25 нь үр хөндөлт хийх эрхтэй байдаг юм. Үр хөндөлтийг тусгай зөвшөөрөлтэй, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, 24 цагийн үйлчилгээтэй эмнэлэг хийнэ.

 -Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд хэчнээн эмэгтэй үр хөндүүлсэн бэ?

-Өнгөрсөн онд 2700 гаруй эмэгтэй нийслэлд үр хөндөлт хийлгэсэн. Ер нь шаардлагатай нөхцөлд л үр хөндөлт хийлгэх хэрэгтэй.

-Хуульд үр хөндөлт хийлгэх заалт байдаг шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүдийн эмнэлэг бүхэн хийж байна. Үүнд танай байгууллага хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

 -Эрүүл мэндийн сайдын 150 дугаар тушаал бий. Зохицуулалтын дагуу, зөвшөө рөлтэй эмнэлэгт л үр хөндөлт хийнэ. Нийслэлийн хэмжээнд ЭХЭМҮТ, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газар, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд үр хөндөлт хийж байгаа.

-Насанд хүрээгүй хүүхэд жирэмсэлсэн тохиолдолд эмчийн зөвөлгөөнөөр асуудлыг хэлэлцэж, эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу үр хөндөлт хийдэг гэдэг. Гэтэл хувийн эмнэлгүүд мөнгөний төлөө хийсээр байна. Үүнийг болиулах ямар гарц байна вэ?

-Энэ тохиолдолд эмч нарын зөвлөгөөнөөр ордог. Үр хөндөлтийг 12 долоо хоногийн дотор хийдэг. Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдэд өнгөрсөн онд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар зөвшөөрөлгүй хэр нээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндөлт хийж байсан хэд хэдэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн. Мөн хууль бус үр зулбуулах эм хэрэглэдэг эмнэлэг ч байсан. Хүүхдийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хэрнээ үр хөндөлт хийж байсан зөрчил илэрлээ.

-Тодруулбал ямар эмнэлэг вэ?

-Нэрсийг хэлэх боломжгүй.

-Үнэ тариф хэт хямдхан юм шиг санагддаг. Хэрэв нэмэгдүүлчихвэл үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо багасч магадгүй. Таны бодлоор?

-Төлбөртэй тусламж үйлчилгээний журам гэж байдаг. Улсын эмнэлэгт хийлгэх үр хөндөл- тийн үнэ тарифыг заагаад өгчихсөн. Хувийн эмнэлэгт үнийн зохицуулалт хийх ямар ч боломж гүй.

-Насанд хүрээгүй охид худалдааны төв, хувь хүнээс зулбуулах эм худалдан авч амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Энэ байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?

 -“Нарантуул” олон улсын худалдааны төвд цагдаагийн байгууллага бусад холбогдох газруудтай хамтарсан шалгалт хийсэн. Эмийг охид, бүсгүйчүүд хэн нэгэн хүний гар дээрээс худалдан аваад байдаг. Үүнээс болоод зулбах, цус алдах, зулбасны дараа биеийн байдал муудаж, элдэв төрлийн халдвар авах эрсдэлтэй. Тиймээс охид, бүсгүйчүүд зөвшөөрөлтэй эмнэлэгт хандах хэрэгтэйг хэлмээр байна.

С.ИЧИНХОРЛОО