10.21

М.Зоригт: Дахиад үхэр шарах зоригтон мөд гарахгүй байх

Сайд асан М.Зоригт "Твиттер"-т 100 мянган дагагчтай болсон болон шинэ киноныхоо нээлтэд зориулж үхрийн боодгоор хүмүүсийг дайлаад амжсан. Анх АСЕМ-ын зоогт орсон шарсан үхэр нэг хэсэгтээ л хэл ам дагуулсан бол М.Зоригт ч багагүй шүүмжлэл сонсоод байгаа юм. Тэгвэл тэрбээр дахин хэн нэгнийг үхэр шаруулахыг хүсэхгүй байгаа бололтой. Учир нь тэрбээр  "Үхрийг бүхлээр нь шарах ер нь дэмий юм байна гэж би бодсон. Бусад хүмүүс ч гэсэн битгий шараарай. Анх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулалтын зүгээс хамаг байдаг дээдээ барья гэж хичээгээд  зарим нь үүх түүхээ уншаад хүндтэй зочиндоо үхэр шарж барьдаг  байсан юм байна гээд тэр зоогийг бэлдсэн юм билээ л дээ. Би төрсөн өдрөөрөө "Твиттер"-т 100 мянган дагагчтай болж байлаа. Тэгээд жиргээчдэдээ үхэр шарж өгнө гэж амлачихаад яваад  байсан юм. Анх үхрийн тэр шарсан махны зураг тарах үед энэ зүйл болно, болохгүй гэх олон янзын өнцөг явж байсан ч тэр бүгдийн цаана нэг амсаад үзчих юмсан гэх хүний дотоод хүсэл хүн бүрт  байгаад байсан байхгүй юу. Яагаад тэр дээдсүүд, дэлхий амсчихаад  байхад монголчууд бид, жирийн ард иргэд бид амсаж болохгүй гэж. Ер нь болно, болохгүй гэж мянга ярихаас нэг үзсэн нь дээр гэж бодоод олон нийтэд хүртээлтэйгээр, хэн ч ирж амсаж болох бололцоотойгоор тэр үхрийг шарсан. Дахиад л нөгөө байр суурь. Дахиад үхэр шарах зоригтон мөд гарахгүй байх гэж би бодож байна. Зоригтоор л дуусаг. Ер нь бол аль ч өнцөгөөс харсан дэмий зүйл байна лээ. Эрт дээр үед бол зохимжтой байсан байх. Одоо цагийн монголчуудад зохимжгүй юм байна гэдгийг бүх хүнд ойлгуулчихлаа даа" хэмээн ярьжээ.