10.21

Хэн хэн сонгох эрхээ эдлэхээс татгалзав

Орон нутгийн сонгууль өнгөрсөн лхагва гарагт боллоо. Харамсалтай нь Улаанбаатар хотод ирц үнэхээр хангалтгүй байснаас ирэх ням гарагт зарим дүүрэгт нэмэлт санал хураалт явуулахаар болов. Тэгвэл сошиал ертөнцөд залуучуудыг буруутгаж, үүргээ ухамсарласангүй гэх зэргээр бичиж байна. Үндсэндээ сонгуулийн өдөр залуус сошиал хуудсаар бие биеэ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан. Гэсэн ч ирц хүрээгүй юм. 
Тэгвэл сонгох эрхээ эдлэхийг хүсээгүй хүмүүсийн насыг харахад 25-40 насныхан болон 50-аас дээш насныхны ирц хамгийн сул байгаа нь ажиглагдлаа. Хотын төв буюу байшин хорооллын оршин суугчдаас залуус болон элит гэж хэлж болохоор нөхөд сонгох эрхээ эдлэхээс татгалзжээ. 
 Залуусыг төр засагт итгэх итгэл алдарснаар сонгуульд саналаа өгөөгүй гэж байгаа ч сошиалаар хийгдэж байгаа судалгаанаас харахад тэд сонголтгүйдээ биш зүгээр л нэг өдрийг амарч өнгөрүүлэх гэсэн болон хэсгийн хороо руу очих унаагүйдээ залхуурсан зэрэг шалтгаан давамгайлж байна. 
УИХ, НИТХ-ын хурлын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуульд харьцангуй цөөн сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгчээ. Ингэснээр ахмадуудын ирц хүрээгүй байна. Үнэндээ хүйтэнд ахмадууд тэр бүр гэрээсээ гарч чадаагүй байх талтай. Өөрөөр хэлбэл, унаа машинтай хүүхдүүдийнхээ ая эвийг харсан ч тэд нь бүх нийтийн амралтын өдөр ахмадуудыг зөөж өөртөө төвөг удахыг тэр бүр хүсээгүй аж. 
Ер нь бол СЕХ энэ удаа ирц бүрдүүлэх тал дээр анхаарал муу ажилласан ч нэгэнт бүх нийтийн амралтын өдөр зарласан байтал залуусыг хариуцлага хүлээлгэх тал дээр ч мөн алдсан болов уу. Хэдийгээр бүх нийтийн амралтын өдөр зарласан ч иргэд саналаа өгөөгүйгээг олон учир шалтгаантай холбон тайлбарлаж болох юм. Харин олон нийтийн зүгээс ирц бүрдүүлэхийн тулд нэгэнт амралтын өдөр зарласан учирг сонгуульд саналаа өгсөн хуудсыг нь албан байгууллагууд ажилтнуудаасаа авч байж нэг өдрийн цалинг нь олгодог байвал зүгээр гэх санаачилга гарч байв. 
Түүнчлэн санал өгөх байр хэт хол байгаагаас ахмадууд саналаа өгч чадаагүй гэх гомдол нэлээд байна. Иймээс СЕХ нэгдсэн журмаар унаа гаргадаг болох санаачилга ч гарсныг анхаарахгүй өнгөрч боломгүй юм.