Цангинам өвөл хаяанд ирсний бас нэгэн дохио нь оны шилдэг, гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso” гала тоглолт байдаг билээ. Зохион байгуулагч Virtuoso академийнхан 14 дэх жилдээ мэргэжлийн хөгжмийн урлагийн “гал гарсан” сайхан тоглолтыг үзэгч олонд хүргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тухайн ондоо амжилт гаргасан хөгжмийн уран бүтээлчдийг оны төгсгөл үед нэгэн дор урин залж хэрхэн уран чадварлаг тоглодгийг нь үзэгчдэд хүргэж байх уг тоглолтыг төгөлдөр хуурч М.Цогбадрах тэртээ 2000 онд санаачилж зохион байгуулж ирсэн түүхтэй юм билээ. Жил жилийн нэгдсэн тоглолт онцлогтой байж ирсэн бөгөөд энэ удаагийнх ч гэсэн онцлох хэд хэдэн үзүүлэлттэй. Юуны өмнө камерный буюу цөөхүүл хөгжимчдийн нийлэмж яруу тоглолтуудыг түлхүү сонсгохоор онцлог. 2016 онд камерный хөгжмийн төрлөөр цуврал тоглолтууд хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан мэргэжлийн залуу хөгжимчдийн The Solace нэгдэл тус гала тоглолтод уригдсан байна. Тус нэгдэл долоон хөгжимчний бүрэлдэхүүнтэй бөгөөд эдүгээ Улсын Филармони, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад хөгжимчин, багшаар ажилладаг залуус аж. Тэдний гурав нь гадаадад Хөгжмийн дээд сургууль төгсөөд эх орондоо ирж ажиллаж буй. Хийлч Г.Тамир БНСУ-д, виолончельч О.Од ОХУ-д, эрдүү хийлч Э.Батмягмар АНУ-д төгссөн “ир бяр” ид жагсаад буй хөгжимчид. Хийлч Х.Санчир, Б.Хулан, виолончельч Б.Дариймаа, эрдүү хийлч Б.Анхтуяа нар эх орондоо боловсорсон мэргэжилтнүүд бөгөөд долуул хамтдаа дэлхийд алдаршсан П.И.Чайковскийн “Флоренцийн дурсамж” зэрэг зохиол тоглож үзэгч олныг сонгодог хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялуулна. Италид Хөгжмийн академи төгсөөд ирсэн виолончельч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Номингуа нарын хослон тоглох нь гайхамшигтай байх болно хэмээн зохион байгуулагчид ярьж байгаа юм. Виолончель буюу морин хийл хөгжмөөр гаргуун тоглодог Д.Амармэндийг хөгжмийнхөн ясны хөгжимчин, жинхэнэ виртуозуран бүтээлч гэж дүгнэдэг юм билээ. Гэр бүлийн хоёр хоёул олон жил Итали улсад Хөгжмийн сургуулиудад суралцаж төгсөөд эх орондоо ХБК-д багшаар ажиллаж байгаа юм. Д.Амармэнд “Камерный чиглэлээр буюу хамтарч тоглох гэдэг нь хэдий тус тусдаа хүмүүс ч нэг хүн шиг тоглохыг хэлдэг хөгжмийн онцгой төрөл жанр аж. Нэг нь гоцолж, нөгөө нь дагах, хамсрах байдлаар биш, нэгэн түвшинд ур чадвар гаргаж тоглохыг хэлдэг” гэж ярьж байна. Дээр нэр дурдсан эрдүү хийлч Э.Батмягмар гоцолж тоглох юм байна. Virtuoso Gala Concert-ийн түүхэнд эрдүү хийлээр гоцолж тоглож байсан нь үгүй гэнэ. Тэгэхээр энэ залуугийн тоглох С.Прокофьевын “Ромео, Жульетта” балетын хөгжмийн хэсэг үзэгчдийн сэтгэлийг гойд татах бололтой. Энэ удаагийн гала тоглолтын хамгийн томоохон шигтгээ, магадгүй очир алмааз нь төгөлдөр хуурч С.Саянцэцэг байх аж. Дэлхийн нэр хүндтэй олон тайзнаа тоглож явдаг тэрбээр сүүлийн жилүүдэд Монголдоо тоглож, сонирхолтой концерт, арга хэмжээнүүд зохион байгуулах болсон. Испани улс дахь “Биёонд мюзик” олон улсын хөгжмийн наадмын захирал, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанууын шүүгч түүнийг зохион байгуулагчид хүндэтгэн “Virtuoso Gala Concert-2016”-даа урилгаар тоглуулж буй юм билээ.Төгөлдөр хуурч С.Саянцэцэг эдүгээ ХБК, СУИС-д багшилж, хувийн хөгжмийн сургалтын төвөө удирдаж буй. Тэрбээр ирэх сард БНХАУ дахь ажлаа амжуулж ирмэгцээ “Virtuoso”-ын тайзнаа тоглох нь ээ. Хийлч, ХБК-ын IV курсын оюутан Б.Билгүүн энэ оны хавар хийсэн уран бүтээлийн бие даасан тоглолт болон уран бүтээлийн ерөнхий амжилтаараа тус гала тоглолтод уригдсан байна. Үндэсний хөгжимчдийн төлөөлөл мөн энэхүү нэр хүндтэй тайзнаа тоглоно. ҮДБЭЧ-ын морин хуурч Э.Мөнхбаяр, хуучирч Э.Цэндсүрэн нар хослон тоглох бол нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хөгжимчин лимбэчин Б.Мягмарцэрэн гоцолж тоглон үндэсний үлээвэр хөгжмөөр хэрхэн жиргэдгийг харуулна. Мөн нэгдэж тоглож эхлээд удаагүй ч Г.Нямжанцан багшийнхаа удирдлагаар хэд хэдэн уралдаанд амжилт үзүүлж, саяхан Санкт-Петербург хотын Эрмитажд тоглолт хийгээд ирсэн үндэсний хөгжимчдийн “Нүүдэлчид” хамтлаг хөгжим эгшгээ өргөнө. Virtuoso Gala Concert-ыг хөгжмийн мэргэжлээр суралцаж буй, шилдэг хүүхдүүд нээдэг онцлогтой. Энэхүү тоглолтыг санаачлагч М.Цогбадрах төгөлдөр хуурч тул энэ мэргэжлээр суралцагч хүүхдүүдэд урам өгөх, багаас нь тайзан дээр тоглуулж өсч дэвжих тэмүүлэл төрүүлэх хүслээр ХБК-ийн төгөлдөр хуурын бага ангийн шилдэг сурагчаар нээлгэдэг нь сэтгэл татам байдаг. Энэ удаа ч гэсэн уламжлалаа дагана. Мөн ХБК-ийн шилдэг нэгэн суралцагчийг тоглолт нээж тоглохыг урих бөгөөд сурагчдын нэрс хараахан тодроогүй байгаа юм байна. Энэ жилийн “Virtuoso” ийм тансаг, баялаг, дахин давтагдашгүй болох нь эндээс харагдаж буй болов уу.